УОК-оос зудын нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Шадар сайд С.Амарсайхан "Төмөр зудтай 50, цагаан зудтай 135 суманд Засгийн газрын нөөцөөс 14,000 тонн өвс тэжээл болон бусад тусламжийг хүргэж байна.
Нийт 116,000 малчин өрхөд малын хоргодол ихтэй, ахуйн асуудал хүндэрсэн, орлого буурсан хүндрэл үүсжээ. Эдгээр өрхөд гурил, будаа зэрэг 1,700 тонн хүнсний тусламжийг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар цасанд дарагдсан 97,000 км замыг айл өрх, сум, баг руу гаргалаа. Малын хашаа, гэр нь хунгарт дарагдсан 1,400 өрхийн цасыг төрийн цэргийн байгууллагын алба хаагчид цэвэрлэж, 188 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 116 өрхийг нүүлгэжээ.
Дорнод, Дорноговь, Дундговь, Төв, Завхан, Булган, Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай, Хэнтий, Архангай, Баянхонгор зэрэг аймагт 8,865 гаруй тонн малын тэжээлийн буудайг нийлүүлж байна.
Цаашид айл өрхүүдэд малын тэжээл хүргэх ажлыг үргэлжлүүлнэ.