УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нүүрсний сонсголын асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр сонсгол Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явагдах ёстой. Гэтэл зохион байгуулалттай эл асуудал юунд хүрэв гэдгийг Монголын ард түмэн харсан биз ээ.
Миний хувьд Нүүрсний сонсгол, түр хороог анх санаачилж УИХ-ын 26 гишүүнээр гарын үсэг зуруулж, шүгэл үлээсэн хүний хувьд байр сууриа илэрхийлэх нь зөв гэж харж байна.
Хулгай луйврыг анх илчилснийхээ төлөө, Монголын баялгийг хувааж иддэг скемийг гаргаж ирснийхээ төлөө би олон асуудалд гүтгүүллээ. Үүнийг би баримттайгаар няцааж байна. Жижиг Тавантолгойн асуудлаар Б.Энхбаяр намайг олон удаа харлуулж, дуудсан. Би ирээд л сууж байсан. Гэтэл жижиг Тавантолгой дээр надад ямарч асуудал байхгүй байна гэдгийг Түр хорооны шинжээч нар ярьсан. Мөн болоогүй Ш.Адьшаагийн хамаарал бүхий компаниуд байна гэж олон нийтэд зарласан. Би УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, Ёсзүйн сахилга байнгын хороонд хандаж сонсгол дээр дурдагдсан компаниуд надтай ямар хамааралтайг тодруулахаар хүсэлт тавьж, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас холбогдох лавлагааг авсан. Үүнийгээ би бүх хэвлэлд нээлттэй өгч байна.
Тухайн зарласан компаниудад миний эхнэр, хүүхэд, ах дүү нар байхгүй гэдгийг нотолсон гэж мэдэгдэв.