Иргэн О.Энхмаа УИХ-ын нэр бүхий гишүүд болон гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглан, дархан цаазат Богдхан ууланд газар завшсан хэмээн үзэж, Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т шалгуулахаар хандлаа.
Үүнд УИХ-д сууж байгаа зургаан гишүүн бий аж.
Түүнчлэн, УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нар "Өлзийт голын эх" ХХК-аараа дамжуулж, 11.9 га газар "Арцат вилла" хотхоныг хууль бусаар эзэмшсэн. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Д.Хулан 11.3 га газар, түүний дүү Н.Цэлмүүн 23 га газар, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Бишрэлт 5.5 га газрыг "Бага тэнгэр Ривербийч" амралтын газар, Капитал банкны охин компани "Мөнххаан трейд" ХХК-аараа дамжуулан 15 га газар эзэмшиж байгааг онцоллоо.
Үүгээр зогсохгүй, УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа - Төрсөн дүү Р.Бадрал нь Богинын ам буюу "Эйжин Номадс" 11,459. м.кв, "Атилла трэвел" компаниараа дамжуулан 15,362 м.кв газар буюу "Уорлд стандарт" гээд 124,498 м.кв газар, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь асар их хэмжээний газрыг хууль бусаар ашиглаж байна гэж мэдээллэв.
Төгсгөлд нь тэрбээр "Ард түмэнд алга дарам газар олдохгүй байхад эрх мэдэлтэй дарга сайд нар нь ам, амаар нь авч, улсын дархан цаазат газрыг бузарлаж байгаа нь хууль бус" хэмээн холбогдох газруудад шаардлага хүргүүлнэ гэв.