СУРВАЛЖИЛГА: ТОГЛООМЫН ТАЛБАЙГААС ХҮҮХДҮҮД ЖИЙРХДЭГ БОЛЖЭЭ


Хоногийн уртыг хуруу даран тоолж, аагим халуун, шиврээ бороог үл ажран гадаа л тоглохыг хүсдэг хүүхэд нас. Зуны амралт эхэллээ гэсэн шиг тоглоомын талбайд хүүхдийн дуу үл тасарна. Гэвч тэдний ихэнх цагаа өнгөрөөх болсон тоглоомын талбай бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа болов уу?

Уг асуудлыг хөндөхөөр Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрийг зорилоо. Чухам яагаад энэ хороог зорьсон бэ гэдгийн тайллыг энэхүү сурвалжилгаас дэлгэрүүлэн уншаарай.

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

 Бидний мэдэхээр “Эх нялхас” /ЭХЭМҮТ/ төвийн баруун талд байрлах тоглоомын талбай.

Холоос харахад хуучны ч гэсэн хавьд байхгүй “иж бүрэн” талбай аж. Туулай, нохой гэх мэт амьтдын дүрстэй, жижиг байшингуудаас бүрдсэн өнгө алаглах төмөр гулсуур. Хүүхэд хажуу тийш унахаас сэргийлсэн хашаалсан хамгаалалт. Гаднах үзэмжид нь татагдан олон хүүхэд, асран хамгаалагчид энэ талбайд ирдэг бололтой.

Тэдний нэг бол Баянгол дүүргийн 6-р хорооны оршин суугч А.Энхзул. Энд эмнэлгийн ажилтай ирсэн бөгөөд тоглоомын талбайд хүүхдээ салхилуулж явахад нь хэсэгхэн хором ярилцсан юм.

-Эмнэлгээс гараад хамгийн түрүүнд олж харсан тоглоомын талбай энэ л байна. Эх нялхас орчимдоо бол хүүхэд салхилуулах орчин байхгүй дан машин. Энэ тоглоом уг нь иж бүрэн байна. Гэхдээ наад талын төмөр нь уначихсан байгааг харж байна уу.

Энд нь хүүхэд хөлөө хийгээд уначихаар л харагдаж байна. Дээрээс нь төмөр тоглоом байгаа нь нэлээн дээр үеийнх болов уу гэж бодогдож сууна. Ер нь хотын тоглоомын талбайг ажиглаад байхад заавал ямар нэг юм нь дутуу, аль эсвэл эвдэрчихсэн байдаг. Нөгөөтэйгүүр, хуванцар тоглоомууд амархан хугарч, тэрэнд нь хүүхдүүд гар, хөлөө хавчуулдаг.  Үүний гол буруутнуудаар ахлах ангийн сурагчдыг нэрлээд байдаг. Гэтэл надад бол архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс эвдэлчихээд байдаг санагддаг. Нэг үеэ бодоход залуучуудын ухамсар дээшилсэн. Арай ч хүүхдийн тоглоомын талбай эвдэлж сүйтгэхгүй байх гэж бодож байна.

Хоёрдугаарт, тоглоомын талбайн сандлууд маш заваан. Энийг хариуцаж цэвэрлэдэг хүн байдаггүй. Хаа нэг сайн дурынхан, ойролцоох СӨХ-ийн ажилчид л цэвэрлэж харагддаг.

Гуравдугаарт, эцэг эх, хүүхэд суухад нар хаасан хэсэг байдаггүй. Хэсэгхэн сүүдрэвчинд залуучууд бөөгнөрч, бохироо хаядаг учир эцэг, эхчүүд өөрсдөө бүү хэл хүүхдүүдээ тийш зүглүүлэх дургүй байдаг.

Ер нь тэгээд тоглоомын талбайг ганц гулсуураар л төсөөлдөг болж дээ. Уг нь ямарваа юм цогцоороо, иж бүрнээрээ байвал сайхан шүү дээ. Мөн нэмж хэлэхэд,  тоглоомын талбайд сандал, хогийн сав гэх мэт наад захын юм ерөөсөө хийдэггүй нь дутагдалтай санагддаг.

-ЗАРИМ НЬ ТОГЛООМЫН ТАЛБАЙРУУ ХОШУУРЧ БАЙГАА Ч ТЭР Л ТАЛБАЙГААС АЙЖ ЖИЙРХДЭГ ХҮҮХЭД ОЛОН БОЛЖЭЭ-

Ойр хавийг ажиглахад хэд хэдэн тоглоомын талбай байх аж. Шатаар уруудан доор харагдах сагсны талбайд очиход  хэсэг хүүхдүүд хөлбөмбөг тоглоно. Хажууд нь хоёр хүүхэд рольктой сууж байв.

“Сагсны талбайн хаалга, шийд бүрэн бүтэн, хоггүй цэвэрхэн, орчин тойрон нь эвдрэлгүй тоглоомын талбайг хүсдэг” хэмээн ярих хүүхдүүд бол Ч.Чингүүн, С.Ананд нар. Баянгол дүүргийн 15-р хорооны оршин суугчид аж. Мөн л тэдэнтэй сууж хэсэгхэн зуур ярилцав.

Энд ойролцоогоор 8-9 жил амьдарч байгаа. Энэ хугацаанд ойр хавийн тоглоомын талбайд өөрчлөлт гарсан. Сандлууд эвдэрч, сагсны шийдийг хугалж авсан гэх зэргээр найзууд ам уралдан ярина.

Тэд одоо найзуудтайгаа хуваагдаж хөлбөмбөг тоглодог болжээ. Өмнө нь сагс, хөлбөмбөг хоёуланг нь тоглодог байсан ч шийдгүй болсон болохоор тоглож чадахгүй байгаагаа хэллээ.  Мөн сагсны талбайн хашаа эвдэрчихсэн учраас бөмбөг өшиглөхөөр айлын машиныг цохиод байдаг талаараа ч хуваалцлаа.

Ажиглаад байх нь ээ энэ хавьд амьдардаг хүүхдүүд ойролцоох 40-р сургуулийн талбайд очиж тоглодог бололтой юм. Аргагүй дээ тэнд хөлбөмбөгийн маш гоё ногоон зүлэгтэй харагдана.

Ер нь аль ч тоглоомын талбай, амралт чөлөөт цагийн бүс цементээр шалаа цутгасан байдаг. Тэр нь эргээд хүүхэд, хөгшид унаж бэртэх нөхцөл болдог. Тэр үүднээс ногоон зүлэг, аюулгүй орчныг хүүхдүүд эрэлхийлэлгүй л яахав.

Түүнчлэн нуулгүй хэлэхэд зарим хүүхэд тоглоомын талбайгаас жийрхдэг, айдаг болжээ. Энэ нь тоглоомын талбайн аюулгүй байдал хангагдаагүйгээс болж хүүхдүүд бэртэж гэмтдэгтэй шууд хамааралтай.  Энэ хавийн хүүхдүүдэд ч ийм асуудал тулгарч байсан талаар онцолж байлаа.

Тухайлбал, С.Ананд  бидний сурвалжилгын гол обьект болох мөнөөх төмөр тоглоомын талбай дээр огт очдоггүй гэнэ. Яагаад гэдгийг лавлахад,  “төмөр тоглоомон дээр өмнө нь зөндөө хүүхэд очиж тоглодог байсан. Нэг хүүхэд тоглож байхдаа халтираад доошоо цөмрөөд уначихсан. Тэгээд дахиж очихоо больсон. Тэр цөмөрсөн хэсгийг засаагүй, гудас тавиад л орхичихсон. Мөн ойролцоох замын дэргэд байдаг тоглоомын талбай ч  эвдрэлтэй, аюултай. Машин замтай ойрхон, бөмбөгөөр тоглох боломжгүй. Бид хаалгатай, сагсны шийдтэй, орчин тойрон нь эвдэрдэггүй, хоггүй цэвэрхэн, гоё орчныг бүрдүүлсэн тоглоомын талбайг л хүсдэг” гэсэн юм.

Дээрх хүүхдүүдийн хэлсэн эвдрэлтэй, аюултай гэх бас нэг өөр тоглоомын талбайг зорин очлоо. Тэнд очиход авто машины зам дагуу  буюу маш эрсдэлтэй бүсэд тоглоомын талбай байршжээ.

Намхан хашаагаар хамгаалсан төдий байгааг нь харахад “нүглийн нүдийг гурилаар хуурсан”-тай жишчихье.

Тоглоомууд эвдэрч хуучран, өнгөө алджээ. Хүүхдүүд ч очихоо больсон ажиглагдана. Ашиггүй, эзэнгүй, орхигдсон, нийтийн эзэмшлийн талбай.

Нэгэнтээ тоглоомын талбай байхад зохимжгүй энэ мэтийн газрыг зүлэг ногоо хэвээр нь үлдээх боломжгүй юм байхдаа гэх бодолд хөтлөгдөнө. 

ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ХЭН ХАРИУЦАЖ, АРЧИЛЖ ХАМГААЛАХ ЁСТОЙ ВЭ?

Зорин очсоных ер нь тоглоомын талбайг хэн хариуцах ёстой, хэн арчилж хамгаалах ёстойг сурсаар хэд хэдэн албаны хүмүүсийг барьж авав.

БГД-ийн 15 дугаар хорооны зохион байгуулагч:

-СӨХ  арчилж, тордож хариуцдаг. Дүүргээс улирлын чанартай, нэгдсэн арга хэмжээ авна.  Хорооноос бол засвар шинэчлэл хийх нөөц бололцоо, төсөв санхүүжилт байхгүй.

Тоглоомын талбай байнга л эвдэрчихдэг. Ашиглалтын хугацаа нь 1-3 жил байдаг. Тэр хугацаандаа цаад хариуцсан компани нь эвдрэл, гэмтлээ засаад явдаг. Ашиглалтын хугацаа дуусахаар СӨХ засвар хийдэг. Ер нь бол улсын комисоос шууд СӨХ хариуцаж авдаг. Урсгал засваруудыг тэгээд аль боломжтой нь л хийгээд явдаг дөө. 

БГД-ийн 15 дугаар хорооны 25-32, 32б, 34-р байрны СӨХ:              

-Тоглоомын талбайн хогийг өдөр бүр цэвэрлэж, долоо хоногтоо нэг тоос шороог нь арчдаг. 2019, 2021 онд засвар хийсэн. Хуучирсан тоглоомын талбайг нураагаад шинийг барих боломж байхгүй. Бүх зардлыг СӨХ-оос гаргадаг. Өмнөхөө л тордож, янзална. Нэг тоглоомыг өндөр өртгөөр засдаг ч эргээд л эвдэрдэг. Сагсны шийдийн тухайд төмөр кольцо нь хулгайд алдагдах тохиолдол их гардаг.

2023 оны гуравдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй 976 тоглоомын талбай байна. Тэдгээрийн нэг жишээ дээрх талбайнууд.

 Харин энэхүү дүр зураг захын дүүргүүд, гэр хорооллын орчинд ямар байгаа бол? Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэвч аюулгүй байдлыг бүрэн хангаж, эрсдлээс 100 хувь хамгаалагдсан байх ёстой хүүхдийн тоглох орчин өнөөдөр хүүхдэд хамгийн аюултай бүс болж хувираад байна. Хүүхдээ бодохгүйгээр бид хөгжилд яарсаар байна.

Тоглоомын талбайд тоглохоос ч айх хүүхдүүд цааш хэчнээн болж нэмэгдэхийг бид таашгүй. Зориг гарган тоглож байгаа хүүхдүүдэд ямар асуудал тулгарахыг бас ч зөгнөшгүй. Энэхүү сурвалжилгаар, хүүхдүүдэд оноогдсон алга дарам газар ямар аюултай, бохирдолтой байгааг, томчуудыг үүнд ямар бодолтой явдгийг, мөн хороо, дүүрэгт нь ийм зүйлд анхаараад явах чадал тэнхээ байдаг эсэхийг л харуулахыг хүссэн юм.

СЭТГҮҮЛЧ М.ЭНХМАА


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28