АНУ-д төрийн айлчлал хийж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын гэргийн цүнх солонгосчуудын анхаарлыг татаж байгаа бөгөөд уг цүнхний талаар сонирхолтой мэдээллүүд цацагджээ. Тодруулбал, уг цүнх нь Өмнөд Солонгосын Marhen.J компанийн өнгөрсөн онд үйлдвэрлэж эхэлсэн “веган” бүтээгдэхүүн юм байна.
Цүнхийг бүтээхэд амьтны арьс шир огт ашиглаагүй бөгөөд тусгай био технологийн тусламжтай алимны шүүс, компот зэргийг үйлдвэрлэхэд гарсан гол, хальс зэрэг хаягдлаар үйлдвэрлэжээ. Ийм материалыг “алимны савхи“ гэж нэрлэдгийг мэргэжилтэн тайлбарласан байна. Marhen.J компанийн вэб сайтад уг цүнх дөрвөн өнгөний сонголттой, 378,000 воны ($283) үнээр зарагддаг юм байна.