Сагсан бөмбөгийн домог Майкл Жорданы 1998 оны NBA-ийн финалын тоглолтын үеэр өмсөж байсан пүүз дуудлага худалдаагаар 2.2 сая ам.доллароор зарагдаж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон тухай “Sotheby's” дуудлага худалдааны ордон мэдээлжээ.
Домогт тамирчны өөрийнх нь гарын үсэг бүхий пүүз 2-4 сая ам.долларт хүрнэ гэсэн таамгийг тус ордон дэвшүүлж байсан билээ. Агуу тамирчны хэрэглэж байсан спортын хувцас дуудлага худалдаагаар асар өндөр үнэд хүрдэг. Тухайлбал, 1998 оны NBA финалын тоглолтын үеэр Жорданы өмсөж байсан футболк 2022 онд 10.1 сая ам.доллароор зарагдаж байсан юм. 2021 онд Жорданы “Nike Air Ships” пүүз 1.47 сая ам.долларт хүрч, мөн дээд амжилт тогтоож байв.
Шинэ рекорд тогтоосон “Air Jordan XIII” пүүзийг сагсан бөмбөгийн од “Chicago Bulls” багт тоглож байхдаа 1997-1998 онд өмсөж байжээ.
.