Оросуудын худалдаж авсан юанийн хэмжээ сарын дотор гурав дахин өслөө
Украины дайнтай холбоотой Өрнөдийн эдийн засгийн хориг Оросын эдийн засгийг Хятад улсаас улам бүр хамааралтай болгож байгаа гэдэг.
Тухайлбал гуравдугаар сард Оросын иргэд 41.9 тэрбум юань худалдаж авсан нь өмнөх сарын 11.6 тэрбумаас даруй гурав гаруй дахин их хэмжээ болсон байна.
Дурдсан хугацаанд Оросын гадаад валютын нийт арилжааны 39 хувийг рубль-юанийн арилжаа бүрдүүлжээ. Харьцуулбал рубль-ам.долларын арилжаа 34 хувийг эзэлсэн байна.
Энэ оны хоёрдугаар сард Оросын валютын зах зээлд юанийн арилжааны хэмжээ анх удаа ам.долларыг гүйцэж түрүүлсэн юм.
Оросын рублийн ам.долларын эсрэг ханш саяхан сүүлийн нэг жилийн хамгийн доод түвшиндээ хүрч унасан. Энэ нь Оросын эрчим хүчний экспортын хэмжээ буурсантай холбоотой гэж ажиглагчид тайлбарлаж байгаа.