“Чингис хаан” музейг үзэх гэсэн иргэдийн урт дараалал үүсжээ
Соёлын яамнаас “Музейн нээлттэй өдөр”-үүдийг зохион байгуулж гуравдугаар сарын 1-5-нд улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр 8500 гаруй хүн музей үзэж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагдсан хэмээн Соёлын яамнаас мэдээлэв.
Гуравдугаар сарын 2-ны 12.00 цагийн байдлаар Чингис хаан музейг үзэх гэсэн иргэдийн урт дараалал үүссэн байна. Тус музей 2022 оны аравдугаар сард хаалгаа нээсэн бөгөөд музей үзэх тасалбарын үнэ 30 мянган төгрөг байдаг. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг бөгөөд энгийн өдрүүдэд өдөрт дунджаар 1000 хүн зорин ирж үздэг ажээ.