Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг иргэдийн амьдралын чанарт үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

Э.ТУНГАЛАГ
2025/01/11

Ерөнхий сайдын дэргэдэх нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан өнөөдөр боллоо.  Хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо. Өнөөдрийн хуралдаанаар түгжрэл, утаа, агаарын бохирдол бууруулах чиглэлээр нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв.  Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан  орлогч А.Амартүвшин нар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Улаанбаатар хотод 2025-2028 онд нийслэлийн тулгамдсан асуудлуудын суурь шалтгааныг өөрчлөх 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ онд Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Туулын хурдны зам, Шинэ тойрог зам зэрэг төслийн ТЭЗҮ, сонгон шалгаруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тухайлбал, Улаанбаатар метроны сонгон шалгаруулалт гуравдугаар сард, бүтээн байгуулалт есдүгээр сард эхэлнэ. Улаанбаатар трамвай төслийн тендерийг зургадугаар сард зарлана. Трамвайн нэгдүгээр шугамыг 2028 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Туулын хурдны зам болон тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчим 2008, 2009 оны үед очих тооцоолол гарчээ. Нийслэлд ногоон бүс байгуулах, халаалтын зуух болон ДЦС-уудын яндангийн шүүлтүүрийг шинэчлэх, автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна.

Тухайлбал, Москва хороолол, Баянхошуу, Хөтөл, III, IV хороолол, Эх нялхсын арын дэнж орчим, Хайлааст, Дэнжийн мянга, 32-ын тойрог,  Мамба дацан, Дарь эх орчмыг ногоон бүс болгосноор агаарын бохирдол 15 хувь буурна гэж үзжээ. Ногоон бүс дэх айл өрхийг шингэрүүлсэн хийн түлшинд холбох ажил энэ сараас эхэлж байна. Мөн нийтийн тээврийг цахилгаан болон шингэрүүлсэн түлшинд шилжүүлэх бөгөөд ирэх сард тендер зарлах ажээ. Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жигнэсэн нүүрс, сайжруулсан түлш, хөх нүүрс, хийн түлш, грийн көүл гэхчлэн өөр өөр нэр томъёо ашиглахгүй байх, нэгдсэн нэг нэршил ашиглаж хэвшихийг албаны хүмүүст сануулав.  Мөн нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, үр дүнг нарийн тодорхойлж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан танилцуулахыг үүрэг болголоо.

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штаб бямба гаригт хуралдаад тардаг биш байнгын ажиллагаатай байх ёстойг Засгийн газрын тэргүүн онцлоод ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт штабын уялдаа холбоо, чиг үүргийг сайжруулахыг даалгалаа. Мөн нийслэлд хэрэгжих эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхзүйн орчны зохицуулалтыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлж ажиллахыг штабын гишүүд, холбогдох сайд нарт даалгалаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05