Японы сүмогийн ертөнц гурван жил хагасын дараа шинэ ёкозүна цолтноо өлгийдөн авахаар боллоо. Озэки Хошорюү С.Бямбасүрэн өнгөрсөн Ням гаригт Хацү башёд нэмэлт барилдаан хийн түрүүлсэнээр ёкозүна цолны болзлоо хангасан билээ. Японы сүмогийн холбооны саналаар Ёкозүнагийн зөвлөл өчигдөр/2025.01.27/ хуралдаж, нийт есөн гишүүний санал нэгтэйгээр Хошорюүд ёкозүна цол олгохоор болжээ. Энэ талаарх албан ёсны ёслолын үйл ажиллагаа маргааш болно. Ёкозүнагийн зөвлөл түүний ёс зүй, нэр төр, барилдааны чадварыг үнэлэн энэхүү цолыг олгож байгаа аж.