Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхээр хамгийн тулгамдсан асуудал агаарын бохирдол болоод байна. Тэгвэл монгол инженер утаагүй зуух бүтээгээд дэлхийн болон олон улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа юм байна.
-Таныг утаагүй зуух бүтээсэн гэж сонсоод бүгд л гайхаж, сонирхож байх шиг байна. Утаа өнөөдөр монголчуудын хамгийн тулгамдсан аюул болоод байгаа учраас таны технологийг сонирхон ярилцлага авахаар зорьсон юм ?
-Монголчууд утаагүй зуух гэдгийг бүр мэддэггүй байлаа. Утаагаа шатаадаг зуух байдаг юм байна гэдэг ойлголтыг одоо л авч байх шиг байна. Би энэ технологийг анх зохион бүтээгээд өөрийн эх орондоо нэвтрүүлэх гэж зүтгээд 10 гаран жил боллоо. “Нүүдэлчин эко” зуух маань утаагаа давхар шатаадаг буюу давхар шаталттай зуух юм.
Маш энгийнээр хэлэхэд гал түлээд утаа нь дээшээ явахаар яндан руу шууд явуулалгүй дунд нь хоёрдохь дамжлагаар агаар өгч дахин шатаадаг гээд ерөнхийд нь ойлгочиход болно. Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу байгуулагдсан үйлдвэрүүдэд хийгдэж байгаа сайжруулсан түлш болон ER-ийн угаасан нүүрс дахин шатааж утаагүй болгож болж байгаа нь маш олон удаагийн туршилтаар батлагдсан. Монголын оюуны өмчийн байгууллага, Стандарт хэмжил зүй, Шинжлэх ухааны академи хими, химийн технологийн хүрээлэн гээд албан ёсны мэргэжлийн бүхий л байгууллагуудад бүртгүүлэн шалгууруудыг нь даваад сертификат юмнуудыг нь авсан байгаа. Эдгээр байгууллагууд азотын давхар ислүүд, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосонцор зэрэг нь манай төрийн байгууллагууд 9800 мг\нм3 байж болно гэж үздэг байхад манай зуух 3169 мг\нм3 байна гэж тогтоосон. Эндээс л ямар үзүүлэлттэй гэдэг нь харагдаж байгаа биз.
-Таны бүтээлийг дэлхийн оюуны өмчийн байгууллага бүртгэсэн гэж сонссон?
-Яг энэ технологиороо Дэлхийн оюуны өмчийн байгууллагад бүртгүүлээд хүлээн зөвшөөрөгдсөн байгаа. ОХУ, Хятад гэх зэргээр 60 гаруй орноос оюуны өмчийн патент авсан. Мөн патент авсан орнуудаас маань технологийг маань маш их сонирхон хамтран ажиллах талаар ярьдаг ч Монгол хүн болж төрснийхөө хувьд эх орондоо нэвтрүүлчихээд дараа нь гадаад зах зээлд гарах юмсан гэж боддог.
-Өрх айлд гарах эдийн засгийн үр өгөөжийн талаар гаргасан судалгаа байгаа юу?
-Байлгүй яах вэ. Манай “Нүүдэлчин эко” зуухыг хэрэглэвэл хамгийн гол нь иргэд маань угаартах аюулгүй, түлш хэмнэнэ гэдэг утгаараа эдийн засгийн хэмнэлттэй. Ердийн зууханд сайжруулсан түлшийг шатаалаа гэхэд 50 хувь нь утаа болоод агаарт цацагдаж байхад манай зуух тэр утааг нь дахин шатааснаар дахин дулаан үйлдвэрлэж байгаа юм.
25 кг шуудай түлшийг манай зуухан дээр нэг айл хоёр өдөр хагас түлдэг. Тэгэхээр эдийн засгийн хэмнэлт гарч байгаа биз. 10 гаран жил зуухаа хөгжүүлсээр л явна. 2023 онд зуухан дээрээ хоол хийдэг тогоо тавьдаг болгосон. Тэгэхээр маш бага түлшээр хоол унд бүх зүйлээ хийгээд давхар дулаанаа гаргаад авна. Хамгийн гол нь угаартах аюулгүй болно гэдгийг хэлмээр байгаа юм. Одоо дэлхийн бөмбөрцөг дээр ахуйн хэрэглээний 4.8 тэрбум ширхэг зуух хэрэглэдэг гэсэн тоо байдаг. Манай улсад бол хөдөө орон нутаг, Улаанбаатар хоттойгоо нийлээд 500 мянга гаруй зуух ахуйн хэрэглээнд хэрэглэдэг. Зуухаа хөгжүүлээд 10 гаруй жил болж олон газраар явлаа. Гадаадаар ч их явлаа. Дэлхийн оюуны өмчийн газар болон бусад газрууд Монгол инженер утаагүй зуух бүтээжээ гэдгийг өөр өөрсдийн лаборатор, хүрээлэндээ шинжлээд баг гарч ажиллаад хүлээн зөвшөөрсөн. Иймээс одоо бид зөвхөн ахиун хэрэглээний дулаан ялгаруулах зуух гэхээсээ илүү аяны, албан байгууллагын гээд олон төрлөөр үйлдвэрлэж байгаа. Дэлхий дээр утаанаас гадна нэг том асуудал тулгамдаад байгаа нь хог болоод байна. Бөмбөрцөг тэр чигээрээ хогоо хэрхэх талаар шийдэл хайн ид ажиллаж байна. Иймээс хогийг утаагүй шатаах зуух бүтээгээд хөгжүүлэлтээ хийж дуусаад зах зухаас нь танилцуулж байна. Хогийг шатаагаад гарсан үнсээр нь барилгын материал хийх, эрчим хүч үйлдвэрлэх гээд үүнийг дагасан сайн сайхан үр дүнгүүд олон гарах тооцоолол хийгдсэн байгаа.