Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан боллоо
Хуралдаанаар МАН болон АН-ын бүлэг байгуулагдаж, МАН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Ж.Энхбаатар, АН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Б.Одбаяр нар сонгогдлоо.
Мөн хуралдаанаар Ч.Мэндсайхан төлөөлөгч нарын 86 хувийн саналаар Хурлын даргаар сонгогдлоо. Ч.Мэндсайхан нь 2013 оноос эхлэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд мэргэжилтнээс эхлэн Ажлын албаны даргын албан тушаал хашиж төрийн албанд шатлан дэвших буюу мерит зарчмаар ажилласан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хариуцдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж ирсэн. Тэрээр автомашины инженер, санхүүч, эрх зүйн магистр, брэнд шинжээчээр мэргэшсэн.
Хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Засаг даргаар ажиллаж буй Г.Жаргалсайханыг дэвшүүлэх саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хүргүүлэхээр боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.