Спортын есөн төрлөөр зохион байгуулагдаж байгаа дүүргийн Засаг даргын нэрэмжит “Иргэдийн спортын XII наадам” өнөөдөр нээлтээ хийлээ. Иргэдийн спортын XII наадмыг нээж Засаг дарга М.Алтангэрэл хэлсэн үгэндээ "Энэ тэмцээний эхний төрөл болох явган аялал Чингэлтэй хайрхан, Зүрх уул маршрутаар зохион байгуулагдсан. Иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, эрүүл чийрэг Монгол хүн байх нөхцөл боломжийг дэмжих үүднээс дүүргийн 13 дугаар хороонд 3га газарт Спорт цогцолборыг барьж байна. Энэ спорт цогцолбор нь орчин үеийн олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах заал танхимтай байхаас гадна цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжтай байхаар төлөвлөгдсөн. Өнгөрөгч 5 дугаар сард Спорт цогцолборын шавийг тавьж байсан бол одоо барилга суурь 30 гаруй хувьтай баригдаж байна. Ирэх жил Иргэдийн спортын XIII наадмаа шинэ баригдаж байгаа Спорт цогцолбортоо хийнэ гэдэгт итгэл дүүрэн байна" гэдгийг онцлов.
Энэ үеэр дүүргийн Ахмадын хорооны дарга Б.Мөнхцэцэг Биеийн тамир, спортын 100 жилийн ойн медалиар шагнуулсан юм. Иргэдийн спортын XII наадмын хоёр дахь төрөл софт волейболын тэмцээнд 3-20 дугаар хорооны баг тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөсөнөөс:1-р байрт Ц.Цогт-Од Засаг даргатай н.Батхүү ахлагчтай 18 дугаар хороо
2-р байрт Н.Мөнхтогтох Засаг даргатай н.Базаргүр ахлагчтай 13 дугаар хороо
3-р байрт Б.Баттөр Засаг даргатай н.Алтансүх ахлагчтай 10 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэн боллоо.