Өвөрхангай аймгийн "Миний мөрөн" ТББ болон Бат-Өлзий сумын иргэд, малчдын төлөөлөл хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлэл өглөө.
Төрийн бус байгууллагын төлөөллүүд: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй алтны уурхайн далангийн ус Орхон голын цутгалд нийлсний улмаас энэ сарын 2-ноос эхлэн Орхон голын эх шавраар урсаж эхэлсэн.
Үүний улмаас найман аймгийн 53 сумаар дамжин урсдаг 1413 км-ийн урттай энэ том гол аюулд өртөөд байна. Үүнийг Архангай, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар, Байгаль орчны яам яагаад анхааралдаа авахгүй байна вэ гэдэг асуудлаар бид мэдээлэл хийж байна.
Бохирдлын улмаас загас жараахайнууд үй олноороо үхэж, үрэгдэж байна. Мөн голын ай сав дагуу нутаглаж байгаа айл өрхүүд, мал амьтад ундны усгүй болоод удаж байна. Гэтэл голын уснаас уусан малын махыг монголчууд иднэ. Тийм учраас ярихгүй өнгөрөөж болохгүй томоохон асуудал үүсээд байгаа юм.
Тиймээс Архангай, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар, Байгаль орчны яам Орхон голоо хамгаалах хэрэгтэй. Яагаад голын эхэнд, ай сав дээр алтны уурхайн лицензүүдийг цуцлахгүй, шинээр олгоод байгаа асуудлыг мөн уламжилж байна гэлээ.
Энэ асуудлаар Архангай аймгийн Байгаль орчны газар, Орхончулуут голын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчид хяналт шалгалт хийж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлсэн юм.