Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн талаар танилцууллаа. Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд буй юм. “Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь Туул гол болон төмөр замаар хоёр хэсэгт хуваагдсан. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор энэхүү тусгаарлагдсан хоёр хэсгийн хооронд буюу Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад зорчих боломжтой болно. Нэг бүхээг нь 10 зорчигчийн багтаамжтай байх бөгөөд нэг чиглэлд 2300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.