Монакогийн Вант Улсын Монте Карло хотод 2024 оны нэгдүгээр сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулсан “Монте Карло – 46” дэлхийн циркчдийн их наадамд Монгол Улсыг төлөөлж Т.Амартүвшин ахлагчтай “Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчид “Хүннү гүрэн” бүтээлээр оролцон “Мөнгөн алиалагч” цомын эзэд боллоо.
Тус бүтээлийн онцлог нь “Монта Карло – 46” их наадмын алтан тайзнаа анх удаа зургаа давхарласан хүн рүү хоёр эргэлт хийж, дөрөв давхарласан 9,5 метр өндөр трубатай сандал руу хойшоо хоёр эргэлттэй нисэх, шидэх банзнаас хойшоо агаарт таван сальто эргэлт хийх үзүүлбэрийг зориглон үзүүлснээрээ анхдагч бөгөөд шинэлэг байлаа гэж Соёлын яамнаас мэдээлэв.