Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулж, харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Мөн Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард зохион байгуулагдах Монголын эдийн засгийн форумд оролцохыг урилаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын хоёр талын харилцааг идэвхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд илүү нягт хамтран ажиллахын чухлыг Ерөнхийлөгч Ваган Хачатурян онцлов.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзсан бөгөөд уулзалтын үеэрээ, Монгол Улсын чухал "гуравдагч хөрш", Стратегийн түнш БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж байгааг онцлов.
Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улс, БНСУ-ын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэлэлцээ эхэлж, Монгол, Солонгосын Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буйг өндрөөр үнэлэв. Түүнчлэн хоёр улсын иргэдийн солилцоо, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгааг талууд тэмдэглэж, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо.