Шинэ тутам хөгжиж буй спортын нэг болох Тий-бол (Тее-суурь, Ball-бөмбөг) буюу сууриас бөмбөг цохих гэсэн нэршилтэй энэ спорт нь АНУ, Японд хөгжиж бейсбол, софтболтой дүрмийн хувьд ижил, зөөлөн бөмбөг, авсаархан цохиур хэрэглэн, бэсрэг талбайд тоглодог ажээ.
Тус спортыг Сонгинохайрхан дүүрэгт хөгжүүлэхээр миний бие бэлтгэл ажлыг хангах, ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багш нарыг сургагч багшаар бэлтгэх зэрэг шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд өчигдөр СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар дүүргийн ерөнхий боловсролын 20 сургууль, 10 цэцэрлэгийн удирдлагууд, биеийн тамирын багш нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Монголын Тийболын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Мөнхсайхан Тийболын спортын талаар товч танилцуулга хийлээ.Тийболыг 4-5, 8-10, 11-12 насны бага, өсвөр насны хүүхдүүд тоглож болдгоороо онцлогтой. Хүүхэд багачуудыг энэ спортоор хичээллүүлснээр багаар ажиллах чадварыг суулгах, мэндлэх хүндлэх ёсийг хэвшүүлэх, ёс зүйн боловсрол олгох, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэхэд бодит нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. Одоогоор Ази тивд Япон, БНХАУ, Тайвань, Монгол улсад Тийболын спортоор хичээллэж байна.Цаашид уг спортыг Сонгинохайрхан дүүрэгт хөгжүүлэх, нутагшуулах үүднээс эхний ээлжинд дүүргийн сургууль цэцэрлэгүүдийн холбогдох багш, мэргэжилтнүүдэд тодорхой төлөвлөгөө, хуваарийн дагуу албан ёсны сургалтыг Монголын Тийболын холбооны багш нар явуулж, баг тамирчдыг сонгон шалгаруулж, бэлтгэж эхлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.