Зууны манлай, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд Дэлхийн Оюуны өмчийн академи, Дэлхийн Эмэгтэйчүүдийн академи хамтраад Л.Цогзолмаа гуайн дуулснаар анх танигдсан, “Монгол морь” дууг эсперанто хэлээр орчуулж, олон түмэнд хүргэж байгаа аж.
Энэ талаар Дэлхийн Оюуны өмчийн академийн тэргүүн, академич, монгол судлаач Л.Энхтүвшин “Энэ жил эсперанто хэлийг НҮБ-аас дэлхийн хэл болгож баталсны 70 жилийн ой болж байна. Тиймээс манай академиас Монголын өв соёл болсон ардын дуу болон зохиолын дууг эсперанто хэл дээр орчуулж, олон түмэнд хүргэхийг зорин ажиллаж байна. Мөн эсперанто хэл дээр 25 гаруй ном бүтээл, 10 гаруй CD хэвлүүлжээ. Түүнчлэн хэд хэдэн баримтат киног бүтээгээд байна. эсперанто хэл бол дэлхийн эв нэгдлийг бэлгэдсэн зохиомол хэл, шинжлэх ухаан юм. Үүнийг олон нийтэд таниулах, тэмдэглэн үлдээх ажил маш чухал.
Л.Цогзолмаа гуайн дуулсан “Монгол морь” дууг анх удаа эсперанто хэл дээр орчуулж дуулсан. Хамтран орчуулсан профессор Ц.Отгонсүрэн, дууг эсперанто хэл дээр дуулсан 90 настай, Дэлхийн Оюуны өмчийн академийн Хөдөлмөрийн баатар, гавъяат Т.Лайхан, мөн академийн гавьяат Ш.Цэнд, доктор Ё.Жанчивдорж, гавъяат багш Ц.Лхагвасүрэн нарт гүн талархал илэрхийлье.
Манай академийн хувьд өнгөрсөн жилүүдэд ахмад настнуудыг чөлөөт цагаа өнгөрөөх боломжоор хангаж, хэл соёлыг хамтран түгээх ажлуудыг онцлон хийлээ эсперанто хэлний гэрийн сургуулийг байгуулж ажилласны 31 жилийн ой мөн тохиож байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн туслалцааны ажлууд хийсээр байна” гэв.