УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын долоон гишүүнээс Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгүүд болов.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ:
Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1.3 сая хүн хамрагдсаны 71.1 буюу 668.5 мянга нь хоол боловсруулах тогтолцоо, бодисын солилцооноос үүдэлтэй өвчлөлтэй гэж гарчээ. Үүний дийлэнх хувь нь хүнстэй шууд холбоотой байна.
Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл гэдэг үг байдаг.
Бидний хэрэглэж буй хоол хүнсэнд пестицид, гербицид зэрэг химийн хортой бүтээгдэхүүнүүд ихээр агуулагдаж байгаа нь хоол боловсруулах тогтолцоотой холбоотой өвчлөлийг нэмэгдүүлж байна. Иймд органик хүнсний үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжих, энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэх хөшүүргийг бий болгох зорилгоор хуулийн төсөлтэй хамт татварын холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан. Тухайлбал, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд энэ төрлийн татварыг 90 хувиар хөнгөлөх заалтыг тусгасан.
Монгол Улсыг олон улсад органик хүнс, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж хардаг. Гэтэл үүнийгээ баталгаажуулсан баримт бичиг нь байдаггүй.
Малын гаралтай бүтээгдэхүүн нь органик гэдэгт малчид баталгаажуулалт гаргаж өгч чаддаггүй учраас өндөр үнээр экспортлох боломжгүй байдаг. Хуулийн төсөл батлагдсанаар малчид малын мах, арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүнээ органик гэдгийг баталгаажуулж, олон улсад өндөр үнээр борлуулах боломжууд нээгдэнэ.