УИХ-ын Ниймийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийж, “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв.
Гишүүд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд уламжлалт анагаах ухааны мэдлэг, туршлагыг хэрэглэх талаар хуульд ямар зүйл, заалт туссан болон Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн санд ямар агуулга, өгөгдлийг бүрдүүлэх тухай, өөрсдийгөө өвдүүлээгүй хүмүүст олгох урамшууллын тухай зохицуулалт яагаад хасагдсан талаар сонирхож, Эрүүл мэндийн даатгалын сангийн ачаалал, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр том эмнэлгүүдийн ачааллыг өрхийн эмнэлгүүд хуваалцах ажилладаг болох зэрэг олон асуудлыг хөндөв.
Мөн хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр заасныг долдугаар сарын 1-нээс болгож хойшлуулахгүй бол наана хийгдэх бэлтгэл ажлууд амжихгүй гэсэн саналыг хэлсэн юм.
Өөрсдийгөө өвдүүлээгүй хүмүүст урамшуулал олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгин газрын гишүүн баталж, мөрдүүлэхээр тусгасан байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг хойшлуулах шаардлагагүй, холбогдох бэлтгэлийг хангаад хэрэгжүүлж эхлэх боломжтой, бүтэц, зохион байгуулалтын хүндрэл гарахгүй гэсэн хариултыг өгөв.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.