Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Эрдэнэс таван толгой” ХК болон "Тавантолгой" ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт; Нүүрс тээврийн "С" зөвшөөрөлтэй холбоотой асуудал; Гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.
Сонсголд оролцуулахаар дээрх гурван асуудалтай холбогдуулан нийт 128 гэрчийг дуудуулсан байна.
ГЭРЧ С.ГАНБААТАР:
Би хэвлэл мэдээллээр гарсан тоо баримтыг л ярьсан. Би энийг хониор бодож ард иргэдэд ойлгуулах гэж хичээсэн. Хэдэн мянган тонн машин хулгайгаар гарсан байна. Цагдаа, гааль, тагнуул нь хаа байсан юм. Энэ бол эрх баригчид, сайд нарын хулгай гэж хэлсэн. Гадуур явж байгаа тоо баримтыг л ард иргэдэд ойлгуулах гэж үзсэн. Монгол 200 мянган малтай. 400 сая хонь, эр хониор бол 200 сая хонь, нэг малчин 2000 хоньтой тэнцэх хулгай байна гэж ард иргэдэд ойлгуулсан.