Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.06/ гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн талаар сонсож байна.
Энэ үеэр шинжээч тус компанийн ногдол ашиг хүртээж байсан цаг үеийн санхүүгийн мэдээллийг танилцуулсан юм. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой ХК 2020 онд нэг удаа ногдол ашиг олгожээ. Ингэхдээ нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг иргэд, ААН-д мөнгөн хөрөнгөөр олгосон байна.
Төрийн эзэмшлийн 880.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг, ААН байгууллагын 207 ААН-д 211 сая төгрөгийн ногдол ашиг, 2.5 сая иргэнд нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилжээ. Нийт 2020 оны шийдвэрээр 1 их наяд 60 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгосон аж.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 3.1 ИХ НАЯДЫН ӨРТЭЙ БАЙНА
"Эрдэнэс Тавантолгой” ХХК 8 тусгай зөвшөөрөл эзэмшдэг, энэ нь 68.3 мянган га газар хамаардаг. 2011 онд Тавантолгой ордыг 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж үзсэн. 2018 онд нэгтгэл нөөц гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Энэхүү цэвэр нөөцийг 6.3 тэрбумаар тогтоосон байна.
Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулаагүйгээс нүүрсийг сорчлон олборлож байна. Олборлосон нүүрсний 92 хувь нь коксжих нүүрс байна.
Санхүүгийн байдлыг авч үзвэл 2023 оны есдүгээр сарын байдлаар тус компани 19.3 их наядын хөрөнгөтэй, нийт 3.1 их наядын өртэй байна. Энэ хугацаанд 6.7 их наяд орлого олсноос, татварын дараах цэвэр ашиг 2.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн 2.5 их наядыг татварт төлжээ. Түүнчлэн 10.4 их надын худалдан авалтын гэрээ байгуулсан байна.