Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Оросын Холбооны Улсын Экологи, байгалийн нөөцийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн дарга Александр Александрович Козлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов манай хоёр улсын гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, хэрэв Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал манай хоёр улс хоорондын худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулахад бодитой үр дүн гарна гэж бодож байна. ОХУ-ын Засгийн газрын “Роснефть” компанийн хувьд Монгол Улсыг түлшээр хангах хангалттай нөөц байгаа, төдийгүй ойрын хугацаанд 730 вагон түлш нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сарын 29-нд 117 вагон, 11 дүгээр сарын 30-нд 54 вагон, 12 дугаар сарын 01-нд 67 вагон, 12 дугаар сарын 02-нд 120 вагон, нийт 350 гаруй вагон түлш Монгол Улсад нийлүүлэх бөгөөд цаашдын төлөвлөгөө гарсан. Бид хоёр талдаа хариуцлагаа нэмэгдүүлж, төмөр замын тээвэрлэлтийг нэн тэргүүнд саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, тухай бүр мэдээлэл солилцоод явах нь чухал гэсэн юм.