УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тус Байнгын хорооны даргыг улируулан сонгох тухай саналаа танилцуулсав.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Байнгын хорооны бүрэлдэхүүн” гэсэн 26 дугаар зүйлийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг. УИХ дахь МАН-ын бүлгээс Ц.Цэрэнпунцагийг Байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах саналаа ийнхүү орууллаа.