Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөнгөн буюу торгох шийтгэлийг анхан шатны шүүхээс оногдуулаад байгаа учир давж заалдах шатны болон Дээд шүүх л уг хэргийг шийдвэрлэгдэг болгох хуулийн төслийн нэн яаралтай горимоор батлуулахаар болжээ.
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯР:
Шүүх байгуулах хуультай хамт авлига, албан тушаалын гэмт хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэл хэт хөнгөн буюу торгох байна.
Жишээлбэл Багануурын уурхайн захирлын хахууль авсан хэрэгт 20 гаруй сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 2.7 тэрбум төгрөгийн авлига албан тушаалын асуудалд холбогдсон хөдөлмөрийн баатрыг 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарлаа.
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шүүх хурлууд явагдаж байна, энэ үеэр олны анхаарлыг сарниулах шинжтэй үйлдлүүд гарч байна. Иймд Авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл хугацаагаар авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхүүд шийдвэрлэхгүй, давж заалдах шатны шүүхүүд анхан шатны шүүхийн журмаар, Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн журмаар шийдвэрлэдэг байх өөрчлөлтүүдийг дэвшүүлж байна.Энэхүү өөрчлөлтийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Шүүхийн системийн хэмжээнд шүүхийг бүрэн цахимжуулах төсвийг 100 хувь 2024 оны төсөвт суулгасан.
Мөн Шүүх байгуулах тухай хууль хэрэгжихтэй холбоотойгоор нийт 350 тэрбум төгрөгийн төсөв гарч ирсэн. Үүний 275 орчим тэрбум төгрөг нь шүүхийн барилга байгууламжтай холбоотой төсөв байгаа. Үүнийг улсын төсвөөр шийдвэрлэхэд төвөгтэй. Тиймээс Шүүх байгуулах тухай хуулийг дагалдуулж, УИХ-ын тогтоолын төсөл оруулж байгаа. Энэ хуулиар шүүхийн байртай холбоотой асуудлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэнэ.
Ингээд шүүхийн байртай холбоотой хэд хэдэн шилжилт хийнэ. Бидний зорилго "Гэр бүл, хүүхдийн шүүх"-ийг олон улсын жишигт нийцсэн байртай болгоно. Хүүхэд үйлчлүүлэхэд таатай, чөлөөтэй байх орчин нөхцөлийг бүрдүүлж, орчин үеийн шүүх байгуулах дээр анхаарна