Манай гадаад харилцаа идэвхжиж, өргөжин тэлэхийн хэрээр гадаадын улс орнууд, газар ус, хүний нэрийн зүйлийг нэгмөр цэгцлэн журамлаж, хэвшүүлэх шаардлага ялангуяа ГХЯ-ны өдөр тутмын ажилд их тод мэдрэгддэг юм байна.
Хэлний салбарын эрдэмтэд, ахмад дипломатчид, зохиолч орчуулагч нартай ярилцаж байгаад ерөөсөө энэ сэдвийг албан бус санаачилга болгоод олон нийтээр хэлэлцүүлж үзвэл сонирхолтой байж магадгүй гэсэн санаа төрсөн юм.
Монгол бичгийн хэлэнд кирилжин үсэг зээлж нэвтрүүлэхдээ улс орон, газар усны нэрийг орос бичлэгээр нь шууд авч хэрэглэсэн нь хэдийгээр монгол болон цаад хэлнийх нь зүй тогтлыг эвдсэн боловч тухайн цаг үеийн шаардлага тийм байж. Улс төрийн нөхцөл нь ч тэгж тулгасан байх, бичгээр харилцахад ч бас эвтэйхэн байсан болов уу.
ГХЯ-ны архивын зарим албан бичиг үзэж байхад Бээжин хотын нэрийг хүртэл нэг үе Пекин гэж бичдэг байж. Харин монгол нэрийг оросоор, орос хэлний зүйд тохируулан Улан-Батор, Тэрэлдж, Дзавхан гээд бичээд ирэхээр шууд хуулбарлах замаар нэгдсэн стандарт тогтоож болохгүй юм байна гэдэг нь яахын аргагүй тодорхой харагдана, үүнийг манай нэртэй эрдэмтэд, гадаадын монгол судлаачид хүртэл бичиж сануулдаг байж.
Ингэснээр зарим нэрийг монгол хэлний уламжлал, тухайн хэлний бичлэгт тохируулан засаж өөрчилж байсан ч тэр нь алдаг оног байж, үр дүнд нь гадаадын улс орон, хотуудын нэрийг заримыг нь хуучин монгол уламжлалаар, заримыг нь тухайн хэлний дуудлагаар, заримыг нь оросын тогтсон стандартаар бичдэг өнөөгийн холимог тогтолцоо хэвшиж заншжээ.
Энэ холимог тогтолцоог ганцхан зарчимд оруулж нэгмөр цэгцлэх нь угтаа монгол хэлний эрдэмтдийн эрхэм үүрэг боловч гадаад улс орнууд, хотуудын нэрийг буруу зөрүү, эсвэл бусдын тогтоосон журамд баригдаж хэрэглэх нь манай“энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт”гадаад бодлогын суурь зарчимтай яваандаа нийцэхгүй шинжтэй болж байгаа тул Гадаад харилцааны сайдын хувьд санаачилгыг өөртөө авч эхний ээлжинд НҮБ-ын гишүүн орнуудын болон нийслэл хотуудын нэрийг шинэчилэн тогтоох хэлэлцүүлгийг эхлүүлж байна, ингэхдээ дараах зарчмыг баримтлав.
Монгол хэлэнд гадаад нэр нутагшуулахдаа тухайн хэлний бичлэг, дуудлагад хамгийн ихээр дөхүүлэх ганцхан зарчим баримталдаг. Энэ зарчмаар оросоор Париж, Рим, Сеул, Пхеньян гэж бичдэг хотуудын нэрийг бид Парис, Ром, Сөүл, Пёньян гэж бичдэг. Нэгэнт ийм зарчим хэрэглээд эхэлсэн бол дэлхийн бүх хотуудын нэрийг адилхан журамлах ёстой, Мюнхен, Брюссель, Ереван, Тхимпху, Никосия, Копенгаген, Тегеран, Люксембург зэрэг орос бичлэгтэй үгийг Мүнхэн, Брүсэль, Эриван, Тимпүг, Лэвкош, Көпэнхагэн, Тэхран, Лүксэмбүрг гэвэл илүү эвтэйхэн.
Монгол бичгийн хэл эртний уламжлалтай тул зарим улс орон, хотуудын нэрийг бичиж тогтсон хэвшмэл ёс байна. Энэ уламжлалаар бид Индия, Непал, Корея, Китай зэрэг олон улсын нэршлийг Энэтхэг, Балба, Солонгос, Хятад зэргээр хэвшиж тогтсон. Нэгэнт ийм ёсыг баримталсан бол бусад түүхэн уламжлалтай нэршлийг ч сэргээж хэрэглэхэд буруудах зүйлгүй. Тийм болохоор Египет, Афганистан, Маврикий, Армени зэрэг орос бичлэгтэй нэршлийг Мисир, Авганистан, Маврис, Эрмэн гэж хэвших нь зүйтэй.
Дашрамд дурдахад монгол хэлтэй төрөл түрк, казах, үзбэк зэрэг түрэг хэлээр Египтийг одоо хүртэл Мисир гэдэг, түркээр Арменийг Ermenistan гэдэг, адилхан кирилжин үсэгтэй казах хэлээр Афганистаныг бүр Ауғанстан гэж бичдэг юм байна.
Зарим улс орны албан ёсны нэрийг тухайн хэлнээс нь зөв оновчтой орчуулж хэрэглэх шаардлагатай байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс гэдэг нэр уул нь Ардын Бүгд Найрамдах Хятад Улс баймаар, яагаад ч юм бид Ард Улс гэдэг сонин үгтэй болчихсон, хэлэлцүүлгийн үеэр энэ сэдвээр сонирхолтой санаанууд гарах байх.
Бас Kingdom буюу Королевство гэдгийг Хаант Улс биш, хуучнаар нь Вант Улс, Principality буюу Княжество гэдгийг Гүнт Улс, State буюу Государство гэдгийг Төр, Duchy буюу Герцогство гэдгийг Гүнлэг Улс гэж цэгцлэх хэрэгтэй байна. Вант Улсыг Хаант Улс гэж өөрчилөхөөр зарим харилцаанд хаант засаглалтай холбоотой нэртомъёо, ойлголтын зөрүү гарах тохиолдол ажиглагдаж байна.
Хоёр үг нийлсэн нэршлийг Антигуа ба Барбуда, Босни ба Герцеговина, Сент-Китс ба Невис, Сент-Винсент ба Гренадин гэх зэргээр эв хавгүй нэрлэснийг цэгцэлж Антигуа Барбуда хоёр, Босна Хэрцэг хоёр, Сэнткитс Нэвис хоёр, Сэнтвинсэнт Грэнадин хоёр гэж тогтоод албан ёсны нэрийг нь Антигуа Барбуда Улс, Босна Хэрцэг Улс, Сэнткитс Нэвис Улс, Сэнтвинсэнт Грэнадин Улс гэж журамлах ёстой гэж бодож байна.
Энэ санаачилга монгол хэлний нэртомъёог цэгцэлж албан бичиг хэргийг журамлах зорилготой боловч нөгөө талаар гадаад бодлого, харилцаанд чухал ач холбогдолтой юм.
Дэлхийн улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй төвөгтэй болсон өнөө цагт Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт”гадаад бодлогодоо тууштай байж харилцаагаа өргөжүүлж, энхийн хэлэлцээрт уриалж, НҮБ-ыг бэхжүүлэх санаачилга гаргаж, хилээ нээж, визээ цуцалж, гадаадын жуулчдыг урьж эерэг хандлагыг түгээсэн идэвхтэй гадаад бодлого явуулах зорилт тавьж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд улс орнуудын нэрийг цэгцлэх нь найрсаг харилцаа, сайн санааны илэрхийлэл байж ч болох юм.
Монгол Улс эдүгээ дэлхийн 193 улстай дипломат харилцаатай, өнөөдрөөс эхлэн эдгээр улсын нэрийг дипломат харилцаа тогтоосон он сарын дарааллаар нь өөрийн санал болгосон хувилбараар хоёр, гурваар нь багцалж, болж өгвөл өдөр бүр түгээж өргөн олноор хэлэлцүүлье гэж шийдлээ.
Миний өдөр тутам хийдэг ажилтай шууд холбоотой учраас надад харьцангуй амар, нөгөө талаар гадаад ертөнцийн талаарх бидний мэдэцийн хүрээг тэлэхэд, бас манай гадаад харилцааны цар хүрээг олон нийтэд таниулахад бага ч болов тустай байж магадгүй хэмээн итгэнэм.