Энэ удаагийн парламентын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд хамгийн сүүлчийн төсвийн төслөө хэлэлцүүлэн батлах гэж байна. Мэдээж төсөвтэй холбоотой олон асуудал хөндөгдөж байгаа ч тэр болгоныг төдийлөн авч хэлэлцэхгүй болов уу гэсэн хардлага ч байгаа юм.
Асуудал үүсэхээс урьтаж Сангийн яам хэвлэлийнхний чихийг онгойлгох ажлаа ээлж, дараалан явуулж байгаа ч олон нийтийн зүгээс сонгуульд зориулсан төсөв гэж харж байгаа нь үнэн. Тэр дундаа төсвийн орлого зарлагыг өөдрөгөөр төсөөлж байгаа нь хамгийн аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна.
Зөвхөн аймгуудын хөрөнгө оруулалтын төсвийг харахад л, хамгийн их хөрөнгө оруулалтыг Хэнтий аймаг руу төвлөрүүлж, хамгийн бага төсвөө Өмнөговь аймагт төлөвлөжээ. Хэнтийн араас Төв аймаг мөн л өндөр төсөвтэй яваа нь олон нийтээс шүүмжлэл дагуулаад байгаа юм. Учир нь хот дагасан аймаг хэрнээ хөгждөггүй, бүтээн байгуулалт тааруу, гэмт хэргийн гаралт өндөр, осол аваар их гардаг, үүнд чиглэсэн дорвитой ажлууд хийгддэггүй гэхчлэн иргэд ам муутай байдаг билээ.
Ямартаа ч Сангийн сайд Б.Жавхлан Хэнтий аймгийн төсөв дээр хэдэн тайлбар хэлснийг дор сийрүүлж байна.
Тэрбээр “Хэнтий аймаг бол аялал жуулчлалын бүс. Дорнод аймгийн хилийн хоёр том боомтруу хүрэх зам Хэнтийгээр дамжина. Чойроос Өндөрхаан руу чиглэх замын дийлэнх нь Хэнтийн нутаг дээгүүр явна. Цаад, наад замуудын төсөвт өртөг л гэхэд 500 тэрбум болж байна. Энийг нь хасаад тавьбал Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт бага. Тэгэхээр одоо аялал жуулчлалын бүс дээр Ерөнхий сайд тэндээс гарсан гэж тойруулж тавилтай нь биш дээ” гэдэг тайлбарыг өгөв.
Архангай аймаг 310.6 тэрбум
Баян-Өлгий аймаг 146.7 тэрбум
Баянхонгор аймаг 228.8 тэрбум
Булган аймаг 131.0 тэрбум
Говь-Алтай аймаг 158.7 тэрбум
Говьсүмбэр аймаг 99.2 тэрбум
Дархан-Уул аймаг 279.5 тэрбум
Дорноговь аймаг 105.6 тэрбум
Дорнод аймаг 534 тэрбум
Дундговь аймаг 114.5 тэрбум
Завхан аймаг 158.3 тэрбум
Орхон аймаг 115.0 тэрбум
Өвөрхангай аймаг 305.5 тэрбум
Өмнөговь аймаг 39.5 тэрбум
Сүхбаатар аймаг 130.8 тэрбум
Сэлэнгэ аймаг 173.6 тэрбум
Төв аймаг 626.3 тэрбум
Увс аймаг 170.9 тэрбум
Ховд аймаг 372.1 тэрбум
Хөвсгөл аймаг 383.9 тэрбум
Хэнтий аймаг 1.145.5 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийхээр хуваарилсан байна.