Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүд ямар асуудлыг хөндөж, юуг чухалчлав гэдгийг ЦЭГ онцолж байна. Эрүүгийн хуулинд өөрчлөлт орж, ялын бодлого чангарах гэж байгаа энэ үед хууль санаачлагчид юунд эргэлзэж, юуг тодотгож байгаа нь сонин байна. Тэр дундаа Б.Энхбаярын ахалдаг байнгын хорооных нь гишүүдийн ЭРГЭЛЗЭЭГ асуусан асуултаар нь байр суурь болгон хүргэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:
Хуулиар мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийг зөвхөн шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч гэсэн хүрээнд хамааруулж байсныг хавтгайруулан тухайн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг олж авч мэдсэн хүн гэдэг агуулгаар томьёолсон нь зөв үү.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА:
Хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа үндэслэл шаардлага нь юу вэ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.СЭРГЭЛЭН:
Хүчиндэх гэмт хэрэг болон бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн ялын бодлогын ялгаатай байдал, энэ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн зураг мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжтой юу.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргаж байгаа хүмүүсийн нас хүйсийн талаар судалгаа байгаа эсэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт эцэг, эх байх, халамжлах үүргээ гүйцэтгээгүй, бага насны хүүхэдтэй зүй бусаар харьцсан, хүүхдийг хүчээр хөдөлмөрлүүлэх гэх мэт асуудлыг бүрэн тусгаж цогцоор оруулж ирэх боломж байгаа эсэх, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэлийн талаар тодруулъя.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:
Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэх тухай асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган батлуулж байсан талаар онцлоод, хууль санаачлагчаас согтууруулах ундаа хэрэглэсэн, түүнийг шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал болон цусан дахь спиртийн агууламжийг хэрхэн тооцон гаргадаг талаар тодруулав.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:
Гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг анхаарч Тахарын албыг дахин байгуулах хууль эрх зүйн боломж байгаа юу.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:
Сэтгэцийн эмгэгтэй хүн бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд авах арга хэмжээний талаар тодруулмаар байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР:
Бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг нэмэгдүүлж байгаа шалтгаан нөхцөл, 14-16 насны хүүхдийг бага насны ангилалд оруулахад Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасан иргэний эрх зүйн бүрэн чадамжтай нийцэж байгаа эсэх, тэдгээр хүүхдийн эрх хумигдаж байгаа эсэх, мөн хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан нь зөв эсэх талаар тус тус асууж, хариулт авав.