Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Парис хотын Элизейн ордонд өчигдөр албан ёсоор угтан авсан юм. Энэ үеэр Францын төрийн хүндэт харуулын цэрэг жагсаж, үлээвэр найрал хөгжим марш алхаж, Монгол, Франц улсын төрийн дууллыг эгшиглүүллээ. Айлчлалын багт яваа Засгийн газар, УИХ-ын гишүүд ч зорьсон үйлсээ бүтээж яваа нь сайшаалтай.
ЦХХХ-ны сайд Н.Учрал энэ талаар "Он цаг үргэлжилж урсан өнгөрөх цаг хугацааны шалгарлаас үл хоцрох эцэг өвгөдийн минь үлдээсэн тусгаар тогтнолоо баталгаажуулан бэхжүүлэх түүхэн алхам Монгол улсын Ерөнхийлөгчийн манлайлал дор эхлэлээ.
Өргөн уудам газар нутагт шуурганд уруудсан малчнаа, эзгүй хээр гадаа машин тэрэг нь эвдэрч осолдсон иргэнээ, аврал эрсэн бяцхан үрсээ эрж хайхдаа алдаж буй мөч хором бүр алтан амины үнэлж баршгүй үр дагавартай. Үргэлж бат найдвартай харилцаа холбоотой, онлайн байх, хаана ч гэлээ байршлыг нь яс тогтоох, мэдээлэл авах, эрүүл мэнд, онцгой байдлын тусламж хүргэх гарц шийдэл бол үндэсний хиймэл дагуултай болох юм.
Хиймэл дагуул руу телевизийн дохио, утасны дуудлага илгээдэг. Хүлээж авсан дохиогоо дэлхийн аль ч өнцөг буланд орон зай, цаг хугацаа, зохиомол хил, хязгаарын ялгаваргүйгээр буцааж илгээдэг. Хуурай газрын далай мэт өргөн уудам, нэг хүнд ноогдох газар нутгаар дэлхийд тэргүүлэгч, сийрэг суурьшилтай, дөрвөн цаг улиралдаа дураар нүүн нүүдэллэн аж төрдөг өв соёлтой Монголд үндэсний хиймэл дагуул, сансрын холбоо нь бага мөнгөөр хүн бүрд хүрэх боломж юм.
Үндэсний хиймэл дагуул бүтээх эрмэлзлэл маань гараанаас гарлаа" гэжээ.