МАН-ын бүлгийн хуралдаан болж, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой ялын бодлогыг чангатгах асуудлаар зарим төрлийн хуульд өөрчлөлт оруулах болсноо мэдээллэв.
ЯЛЫН БОДЛОГО ЧАНГАЛАХТАЙ ХОЛБООТОЙ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО
Нэгдүгээрт, Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгож нэмэгдүүлнэ.
Хоёрдугаарт, Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн
Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ.
Гуравдугаарт,Хүнийг алах, гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн
Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг, 22-р бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛАХГҮЙ.
Дөрөвдүгээрт, бага насны хүүхдийн алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох,
Тавдугаарт, зарчмын шинжтэй өөрчлөлт хийнэ. Энэ бол манай улсын эрхзүйн тогтолцоонд 1984 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй байсан бага насны хүүхэд гэдэг насыг 14 хүртэл гэж заасан явдал. Бага насны хүүхэд гэдэг Эрүүгийн хуульд байгаа ойлголтыг 14 байсныг 16 нас болгож нэмэгдүүлэх, өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлсэн. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргүүдийн ялын бодлого чангарна.
Тухайлбал, 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт өгөх ял 8-15 жил байсан бол 12-25 жил болж, бүх насаар хорих ялтай болно.
14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жил байсныг 12-25 жилийн хорих ял болон бүх насаар нь хорих ял,
Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай байгааг 2-8 жилийн хугацаатай болгож, тэнсэн харгалзахгүй.
Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэг 2-8 жилийн хорих ялтай байгааг 12-20 жил болон бүх насаар нь хорих ялтай болгоно.
Бага насны хүүхэд гэдэг ойлголтыг 14 биш 16 болгосноор хүүхдийн эсрэг гэмт хэрэгт өгөх ялын бодлого бүхэлдээ чангарна гэсэн үг.
Хүчиндэх гэмт хэргийн тухайд, ялгамжтай заалт оруулж байна. Хүчээр бэлгийн харилцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулаад 2-8 жилийн хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй.
16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 нас хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ял 8-15 жил байгааг 12-25 жил болгож нэмэгдүүлж, эсхүл бүх насаар нь хорих болгож ялын бодлого өөрчлөгдөнө.
Сүүлийн арван жилийн хугацаанд 3876 өршөөгдөж, уучлагдаж, магадлангаар орж хугацаанаасаа өмнө суллагдсан. Үүнээс 0.9 хувь буюу 25 хүн УИХ-аас баталсан Өршөөлийн хуулинд хамрагдаж суллагдсан. Эдгээр хүмүүсээс дахин гэмт хэрэг үйлдсэн зургаан хүн байна.
ХУУЛИЙНХАНТАЙГАА ХАРИУЦЛАГЫГ ХАТУУ ЯРИНА
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн ялыг бодлогыг чангатгана. Ингэхдээ одоо мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуульд байгаа иргэн хүн, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг олж авсан этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулвал хүлээх хариуцлагыг хүндрүүлэхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, гүйцэтгэгч ажилтан, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны бүрэн эрхийн хүрээнд танилцсан, хадгалж байх үүрэгтэй этгээдээс мөрдөн шалгах нууцыг задруулвал ялын бодлогыг чангатгана.
Торгох ялыг авч хаяад 6 сараас 3 жилийн хорих ялтай байгааг 1-5 жилийн хорих ялтай болгож нэмэгдүүлнэ. Түүнчлэн тухайн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан төрийн албан хаагчийг нийтийн ажил хийх эрхийг насаар нь хасна.
СОГТУУ ЖОЛООЧ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛНО
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэл жолоодоод хөнгөн гэмтэл учруулсан явдлыг гэмт хэрэгт тооцно. Энэхүү зохицуулалт одоогоор Зөрчлийн хуулиар хоёр зүйл ангиар шийдвэрлэгддэг бол цаашид зөрчил биш гэмт хэрэг болж тооцогдоно.
Ямар хэмжээтэй согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээс үл хамаараад та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно гэсэн үг.
Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүнд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцно. Одоогоор манай улсад 30-33 мянган согтуугаар тээврийн хэрэгсэл барьж торгуулсан дүн, статистик мэдээлэл байна. Дунджаар 26 мянга орчим гэмт хэрэг нэг жилд бүртгэгддэг. Ялын бодлогыг чангатгаснаар энэ тоо хамгийн багадаа 2 дахин нэмэгдэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож торгуулж байгаа асуудлууд бүгд гэмт хэрэг болох учраас тоон үзүүлэлт нэмэгдэнэ гэж үзэж байна.
НИЙСЛЭЛ ГЭР БҮЛЭЭР ДАГНАСАН ШҮҮХТЭЙ БОЛНО
Гэр бүлийн хэрэг маргааны Иргэний хэргийн шүүх шийдвэрлэдэг. Жилд энэ төрлийн 80 гаруй мянган хэргийг шүүхээр шийдүүлж байна. Үүний 10 орчим мянга нь гэр бүлийн маргаан байна.
Тэгвэл гэр бүлийн маргааныг дагнасан байдлаар шийдвэрлэдэг мэргэшсэн шүүхтэй болж, Гэр бүлийн тухай хуулийг өргөн барина.
Гэмт хэргийн гаралт зөвхөн хуультай холбоогүй. Хуулиас гадна гэр бүл эцэг эхийн үүргийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэр бүл салалтаас үүдэж хохирч байгаа хүүхдийн асуудлууд, эцэг эхийн асран хамгаалах үүргийг нэмэгдүүлэхтэй холбоотой хариуцлага нэмэгдүүлсэн Гэр бүлийн хуулийг оруулна.
Мөн хүүхдийн тэтгэмжийг төлдөггүй асуудлыг хариуцлагыг чангатгаж, тухайн этгээдийн орлогынх нь дүнгээс хамааруулж тооцдог болгоно.
Эдгээр хуулийн өөрчлөлтийг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барина.