Стандартын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн гэх ногоон автобусны талаарх шуугиан намжаагүй байна. Өнгөрсөн амралтын хоёр өдөр бараг л ногоон автобусаар амьсгаллаа. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас эхлээд Солонгосын Daewoo үйлдвэрийнхэн, Монголын “Тэнүүн Огоо” ХХК хүртэл мэдэгдэл хийгээдхэв. Ямартаа ч Солонгосчууд автобусны арлын дугаар буюу VIN number шалгаж үзэхэд 30 жилийн настай гарч ирсэн гэдэг мэдээллийг хараад шоконд орсон. Оруулж ирсэн автобус нь гар дамжсан, хуучин автобус гэсэн мэдээллийг уншаад их цочирдсон гэж онцлов.
Ингээд холбогдох байгууллагуудын БАЙР СУУРИУДЫГ хүргэж байна.
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг “Үнэн үг гутал өмсөж байхад, худал үг уул давдаг. Үнэн үг гутлаа өмсөөд босоход худал үг усанд живж байдаг гэж үг бий. Над руу дайрч байгаа энэ бүхнийг би 2015 онд авчихсан. Тухайн үед над руу улс төрийн маш том дайралтууд хийж байсан. 14 хоног цагдаа, сэргийлэхээр явж байсан. Энэ удаагийн дайралтад би иргэдтэйгээ санал нэг байгаа. Би өөрөө зөвлөх инженер хүн. Үнэхээр нийтийн тээвэрт ийм алдаатай зүйл хийсэн бол буцааж татах л ёстой. Эдгээр автобусыг Вьетнамаас Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд 9,800 ам.доллар орж байгаа юм. Нийт автобусны 96,900 ам.доллар гэдэг үнэ байгаа шүү дээ. Үүний 9,800 нь тээврийн зардал. Өөрөөр хэлбэл 30 хувийн хямдралтай зарласан үнээр аваад орууллаа гэдэг нь бодитоор нотлогдож байгаа. ” гэдэг байр суурийг илэрхийлэв.
Харин "Zyle Daewoo Bus" корпорацын дэд ерөнхийлөгч Ким Ки Ёл нийлүүлсэн автобусны талаараа "Монгол Улсын Засгийн газар болон "Тэнүүн-Огноо" компанийн захирал Ганхуяг захирлын шахалтаас болж манай үйлдвэрийн автобусанд жижиг сажиг алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан. Одоогийн байдлаар алдаатай автобуснуудаа буцаан авч, шинэчилнэ гэдгээ зарлаж байна. Манай корпорац БНСУ-ын Хьюндэй шиг том биш ч гэсэн хуурамч мэдээллийг боловсруулсан хүмүүсийг олж, ЭСЯ-аар дамжуулан шүүх хуралд дуудна. Хэзээ ч Монгол Улсыг дээрэлхэж, чанаргүй автобус нийлүүлэхгүй, зарим жижиг сажиг алдааг гаргасан. Бид өөр улстай гэрээ хийгээд автобусаа нийлүүлэхэд ийм ноцтой асуудал гарч байгаагүй. Бид чанараараа бахархдаг. Удаан хугацаагаар ашигласны дараа үр дүн гарна, ойрын хугацаанд эвдрэх автобус биш. Хэрэглэсэн автобусыг тээвэрлэж ирсэн гэдэг нь хуурамчаар үйлдсэн бичиг баримт байна" хэллээ.
Түүнчлэн НЗДТГ-аас “Улсын төсвөөс эрх шилжүүлсэн худалдан авах ажиллагаанд нийт долоон компани санал ирүүлснээс хамгийн хямд, багцын үнэ санал болгосон “Тэнүүн-Огоо” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан байдаг. автобуснууд стандартын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчиж байгаа тул хүлээн авах боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Тиймээс тус автобуснуудыг буцааж, шаардлага нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхийг “Тэнүүн-Огоо” ХХК-аас шаардах болно. Мөн худалдан авах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг шалгаж, буруутай үйлдэл байвал хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Эцэст нь гэж хэлэхэд, Цагдаагийн байгууллага, Авлигатай Тэмцэх Газраас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг "Тэнүүн-Огоо" компанийн хилээр оруулж ирсэн гэх нийтийн тээврийн автобустай холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн юм.