Ж.ОТГОНБАЯР: СӨХ-НЫ НЭРЭН ДЭЭР ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙН АЧААГ ИРГЭДЭД ҮҮРҮҮЛЭЭД БАЙНА

Д.УЛСБАЯР
2023/09/28

Төрөөс эрчим хүчний төлбөрийн нэмэгдлийг иргэдэд үүрүүлж байгаа асуудлаар Кинг таур хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяртай ярилцлаа.

-СӨХ, иргэдийн дунд төлбөр мөнгөний маргаан тасрахгүй удлаа. Орон сууцанд амьдардаг оршин суугчид СӨХ-ны төлбөр нэмэгдлээ гэж ярих болж. Үүн дээр нэг тайлбар хэлээч?

-Манай дундын эзэмшлийн тогны төлбөр 7-8 сая гардаг байсан бол одоо 17-18 сая төгрөг гардаг болчихоод байгаа. Эрчим хүчний төлбөр нэмэгдэж байгаатай холбоотой гэх нэрийдлээр нэмэлт төлбөр орж ирж байгаа нь Монголын Сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж байгаа хүмүүсийг дампуурах эрсдэлд хүргээд байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож өгсөн үнэ нь, айл өрхөөс 130 төгрөгөөр тооцож авах. Гэтэл СӨХ-г байгууллага гэж үзээд 250 төгрөгөөр тооцож авч байгаа нь өөрөө СӨХ-ны төлбөрийг хоёр дахин нэмэгдэх үндэслэл болж байна. Эдгээр нөхцөл байдлаас болж СӨХ-ууд төлбөрөө нэмэх асуудал яридаг. Гэвч иргэдийн амьдрал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Тэр утгаараа хуучин байсан төлбөрөөрөө үйлчилгээгээ хийгээд яваачээ гэдэг хүсэлт, шаардлагыг эргүүлээд тавьдаг.  Энэ бүхнээс болж СӨХ, иргэдийн дунд асар их маргаан гарч байна. Үүнээс болж ихэнх СӨХ-ны дарга нар ажлаа хаяж явах, ажлаасаа халагдах, шантрах асуудлууд гарч байгаа. Шийдэгдээгүй мөнгөний асуудал өр болоод л үлдэнэ. Эргээд орон сууцанд амьдарч байгаа оршин суугчид түүнийг нь төлдөг.

Төр мөнгөө яаж буцааж авдаг вэ гэхээр, лифтийг нь, дундын эзэмшлийн тог цахилгааныг нь тасалдаг.  Өнөөдрийн байдлаар 10-20 орчим хотхонууд нийтийн эзэмшлийн тогоо таслуулчихсан, 15-аас дээш давхарлуугаа хүүхдээ үүрээд гарч байна, настай хүмүүс нь олон дахин амарч байж алхаж гэртээ орж байгаа асуудлууд бий.

-Тэгэхээр энэ бүх асуудлыг хэн, хэрхэн, яаж шийдэх ёстой юм бэ?

-Эрчим хүчний зохицуулах хороо буюу цахилгааны үнийг тогтоож байгаа байгууллага. Тогтоосон үнэ, төлбөр дээрээ СӨХ-г тодорхойлж өгөөч ээ. Иргэд ч тэр, албан байгууллагууд ч тэр эхлээд СӨХ гэдэг юмаа ойлгодог болчихмоор байгаа юм.

СӨХ гэдэг хуулийн этгээд ерөөсөө биш. Иргэдийг төлөөлж байгаа “хуульгүй” төрийн бус байгууллага. Товчхондоо, ашгийн бус. Тэгэхээр байгууллагын үнээр төлбөр тооцож байгаа эл буруу зохицуулалтаа аравдугаар сарын 1-нээс өмнө шийдэж өгөхгүй бол, цаашдаа Монголын Сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаж байгаа ажилчид, арай гэж хөл дээрээ тогтож байгаа хэдэн захирлууд дампуурах эрсдэлд хүрчихээд байна.

Хоёрдугаарт, ““Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани гэрээндээ өөрчлөлт оруулж, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гээд СӨХ-ны удирдлагууд хүсэлтээ гаргаад өгсөн байгаа. Аравдугаар сарын 1-нээс хойш шийдэж өгөхгүй бол бид нар тэмцэхээс өөр сонголт байхгүй болчихоод байна.

СӨХ-ны нэрэн дээр цахилгааны төлбөрийн ачааг иргэдэд үүрүүлээд байна.

-Ерөнхийдөө эрчим хүчний төлбөрийн нэмэгдлийг иргэдэд үүрүүлж байна гэж үзэж болох уу?

-Тийм. Харахад эрчим хүчний төлбөр нэмээгүй хэрнээ СӨХ дээр нэмээд өгчихөж байна гэсэн үг.  Угаасаа хүнд байгаа эрчим хүчний төлбөр нэмэгдэж болно. Гэхдээ эхлээд иргэдийнхээ амьдралын төсвийг нэмэх учиртай. Өнөөдөр төрийн албан хаагчийн цалин гар дээрээ 700-800 мянган төгрөг шүү дээ. Цахилгааны төлбөр, СӨХ-ны төлбөр гээд бүх юмыг нийлүүлээд 200-300 мянган төгрөг болгочихоор гэртээ ямар мөнгөөрөө хүнсээ авч, ямар мөнгөөрөө лизингээ төлөх юм бэ. Бүх юм баланстай зэрэгцээд явж байх ёстой.

Засгийн газар энэ асуудал дээр хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Яагаад гэвэл иргэдийнхээ цалин, тэтгэврийг нэмээгүй. Тэгсэн хэрнээ СӨХ-ны төлбөрийг хоёр дахин нэмчихлээ. Энэ нь өөрөө маш олон айл өрхөд чимээгүй дарамт болж байна.

-СӨХ-ны ачааллыг бууруулж, зарим нэг ажлыг төр хариуцна гэх яриа гарч байсан. Энэ юу болсон бэ?

-Ер нь СӨХ-ны систем нь уначихсан. Гэсэн ч сүүлийн 20 жил үүрэг гүйцэтгэж ирсэн салбар. Анхлан, байрны идэвхтэй иргэд, оршин суугчид үүргээ гүйцэтгээд явж байсан. Одоо бол сууц өмчлөгчдийн хөрөнгийг хамгаалдаг Хөрөнгийн менежментийн мэргэжлийн компаниуд гарч ирчихээд байна.  

Нөгөө талаараа, төр хэзээ ч гудамж цэвэрлээд, бидний лифтийг угаахгүй л байхгүй юу. Тэгэхээр цаг үеэ дагаа мэргэжлийн цэвэрлэгээний компани орж ирэх хэрэгтэй болчихсон байна. Мэргэжлийн харуул хамгаалалтын компаниуд хөгжих цаг нь болж. Эргээд хүмүүс СӨХ-ны төлбөрөө төлдөг соёлд суралцмаар байна. Өөрсдийн төлсөн мөнгө юунд зарцуулагдаж байгаагаа ойлгодог болох хэрэгтэй байна.

Таны 50 сая төгрөгөөр худалдан авсан нэг өрөө байр СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь төлснөөр 100 сая болж өснө гэдгийг ухамсарламаар байна.

“Харамч хүн хоёр дахин төлнө” гэдэг шиг өөрөөсөө мөнгөө харамлаад, СӨХ-ны төлбөрийн асуудлыг ойлгодоггүй иргэн олон байгаа. Цаашлаад нийгэмд СӨХ-ны нэр хүнд уначихсан. Тийм ч үүднээс би хувьдаа энэ салбарыг босгож ирэхийн төлөө, баг бүрдүүлээд, менежмент хийгээд явж байгаа.

Кинг таур хотхон анх удаа 100 хувийн төлөлттэй болсон. Сууц өмчлөгчдийн CEO буюу Гүйцэтгэх захирлуудыг бэлтгэж байна.  Хөрөнгийн менежмент, эрсдлийн менежмент, гамшгийн менежмент, хүүхдийн аюулгүй стандартын менежмент, тоглоомын талбайн стандарт гэж юу юм зэрэг дээр ажиллаж байна.

-СӨХ-оор бизнес хийдэг зүйл урд нь байсан. Одоо ч хэвээрээ юу?

-СӨХ-ны нэрээ амьдралаа залгуулж, бизнес хийдэг ганц нэг холбоо байгаа. Өөрсдийгөө дээд зөвлөл гэх мэтээр нэрлэчихсэн. Тийм хүмүүс одоо болих л хэрэгтэй.

СӨХ-нд менежмент хийх гэж байгаа бол сайн менежер л байх хэрэгтэй юм билээ. Хүн хоггүй орчин, стрессгүй зогсоол, харуул хамгаалалт сайтай орчин зэргийг л хүсдэг. Тэдгээрийг нь хийж чадахгүй байна гэдэг СӨХ муу менежментээр явж байна гэсэн үг.  Гэхдээ иргэд бас 10 мянган төгрөг төлчихөөд супер үйлчигээ хүсээд байж болохгүй. 150 айлтай нэг СӨХ байлаа гэхэд, 10 мянган төгрөг айл өрхүүдээсээ хураагаад 1.5 сая болгосон ч цэвэрлэгч, нягтлан, захирлын цалин хэрхэх юм. Хог, тогондоо хэдэн төгрөгийг нь өгөх юм. Яаж ч бодсон хүрэхгүй байгаа биз. Тэгэхээр энийг ойлгож, ойр тойрны байрнуудтайгаа нийлж өрхийн тоогоо олшруулаад дундаа нэг нягтлан, хэдэн цэвэрлэгч, тойруулаад аюулгүй байдлаа хангах байдлаар зөв менежмент хийдэг мэргэжлийн хүмүүсийг авчраад ажлуулах хэрэгтэй. Удахгүй энэ чиглэлд хүний нөөц бэлдээд, мэргэжлийн хүмүүсийг иргэдрүү чиглүүлээд явна гэж бодож байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05