Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна.
”Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болж байгаа чуулганд дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн биечлэн оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд дээрх сэдвээр үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
1. Дэлхий нийтээрээ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, эл байдлыг тэтгэгч улс төр, эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын хөрс суурийг бататган бэхжүүлж, хүч, хөрөнгө зарцуулснаар бид амар амгалан аж төрөх төдийгүй ирээдүй хойч үедээ энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоосон дэлхий ертөнцийг үлдээж чадна.
2. Цахим технологийн хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн хөгжил дэвшилд шинэ боломжуудыг нээж байгаа боловч нөгөө талаараа террорист халдлага үйлдэх, түүнийг санхүүжүүлэх, мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зэрэг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулдаг гэмт үйлдлүүдийг хувьсган өөрчилж байна.
3. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарлаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүх талаар дэмжсээр ирсэн.
4. Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашиншүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай.
5. Дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ.
6. Тогтвортой хөгжлийн зорилгуудын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ. Иймээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай байна.
7. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл жил бүр дунджаар ДНБ-ий 18 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болох урьдчилсан тооцоо гарсан болно.
8. Хэрвээ бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно.
9. Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийн адил хүн төрөлхтний аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм.
10. Монгол Улс өнгөрсөн зургаадугаар сард Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд хүн төрөлхтний өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлын шийдлийг нухацтай хэлэлцэж, “Улаанбаатарын тунхаглал”хэмээх төгсгөлийн баримт бичгийг баталсан.