Сүүлийн үед сенсаац болоод байгаа үйл явдлуудыг онцолбол ТҮГЖРЭЛ, ДОПИНГ гэвэл тохирох байх. Хичээл сургуулийг эхлэхдээ холбогдуулж авто машинуудыг тэгш, сондгой дугаараар явуулах асуудал олны анхаарлын төвд байсан. Үүний зэрэгцээ мартагдаж дуусаагүй наадмын барилдаан, бөхчүүдийн допингийн асуудал хүн бүхний анхаарлыг татаад амжсан. Ямарсайндаа амтай хүн болгон нь эл асуудлуудыг ярьж эсвэл цахим орчинд нийтэлж байх вэ дээ. Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд жинхэнэ гал гарсан яриа өрнөлөө.
Угтаа мөнөөх хоёр асуудлаар холбогдох хүмүүс нь "өөрөөсөө түлхсэн, амь аргацаасан" мэдээлэл өгсөн. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар ихэд бухимдалтай явна.
Төрийн ордны сонин хачин үүгээр зогсохгүй. Засгийн газрын хуралдаанаар таван сайд зэрэг шахуу мэдээлэл хийж, шинэ томилгоо ч өрнөөдхөв.
Ж.СҮХБААТАР: ТЭГШ СОНДГОЙ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН БАЙР СУУРЬТАЙ БАЙГАА
Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг миний хувьд үргэлжлүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Хэдийгээр 10 хүнээс асуухад зургаа нь үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа ч удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй. 2 дугаартай машин замын хөдөлгөөнд оролцож байгаа нь үнэн.
Би замын цагдаа биш. Хашаа хайсны асуудлыг яг хариуцдаг хүн нь би бас биш. Бодлогоороо юмсыг дэмжиж явдаг хүн болохоор ямар нэгэн тайлан тооцоог надаас асуух хэрэггүй. Ядуурлыг арилгах шиг түгжрэлийг урт удаан хугацаанд хотын төлөвлөлттэй холбоотойгоор шийднэ гэж олон удаа хэлж байна.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил ид явагдаж байна. Ирэх долоо хоногт 100 автобус шинээр орж ирнэ. Түүний дараа 150 автобус ирнэ.
Зам, гүүрийн дэд бүтцийн ажил урьд өмнө хийгдэж байгаагүйгээр хийгдэж байгаа. Ойрын хэдэн хоногт Зайсангийн гүүр ашиглалтад орно. Арваннэгдүгээр сард Туулын гүүр ашиглалтад орно.
П.САЙНЗОРИГ: БӨХЧҮҮД ӨӨРСДӨӨ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ СУРМААР БАЙНА
Допингийн шинжилгээ авах процесс хууль хяналтын байгууллагын хатуу хяналт дор явагддаг. Энд ямар ч солигдох боломж байхгүй. Бөхчууд өөр өөрсдийн хариуцлагаа хүлээж сурмаар байна. Ийм ёс зүйгүй, аль нэг байгууллагыг буруутгадаг ийм зүйл рүү явж болохгүй.
Энэ дээр нь ард иргэд талцаж хуваагддаг ийм зүйл огт байж болохгүй. Үнэхээр шээс сольдог асуудлууд байвал баримтаа гаргаж ирээд ярих ёстой. Одоо хэдүүлээ жаахан жудагтай баймаар байна. Түрүүлж амжилтад хүрэхийн тулд янз бүрийн башир арга хэрэглэчихээд энэ нь илчлэгдээд ирэхээр иргэдийг худлаа мэдээлэл дээр талцуулж нутаг, усаар нь хуваадаг ийм зүйл одоо явахаа больсон.
Солонгосын лабораторид шинжилгээ аваад асуудалтай хүний хариуг аваад үлдчихдэг юм билээ, хүний хувь заяаг шийдэж байгаа учраас тэр. Түүнээс биш зориудаар цувуулж, хариуг нь ирүүлээд байгаа юм биш. М.Бадарч өөрийнхөө асуудлыг ил тод ярих хэрэгтэй. Татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр зохион байгуулсан баяр наадмыг будилаантуулчихаад ийм байдалтай хандаж болохгүй. Ёс зүй хааччихсан юм бэ? Яг нүүр тулахаар өөр юм ярьдаг, хэвлэлээр гарахаараа өөр юм ярьдаг.