Хан-Уул дүүргийн III хороо, үерийн эрсдэлтэй бүсэд байгаа Шунхлай ШТС-д Нийслэлийн Засаг даргын албадан буулгах захирамжийг танилцуулж байна. Энэ үеэр компаниудын хуулийн зөвлөхүүд хийгээд хэвлэлийнхэн, Нийслэлийн удирдлагуудын дунд зөрчилдөөн үүсэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Өнөөдөр Шунхлай ШТС дээр Засаг даргын гаргасан захирамжийг танилцуулахаар хүрэлцэн ирээд байна. Үер усны аюултай нөхцөл байдал хэд хэдэн удаа болсон. Үүнээс шалтгаалж иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой учрал хохирсон байдаг. Энэ дагуу хэд хэдэн захирамж гарсан. Байгаль орчны улсын ахлах байцаагчийн 2023 оны дүгнэлтийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших дуусгавар болгож байгаа. Бид өөрсдийн хүчээр энгийн барилга байгууламжуудыг холбогдох компаниудын хүчээр албадан чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулна" гэв.
Үргэлжлүүлэн түүнээс сэтгүүлчид хийгээд Шунхлай ШТС-ын холбогдох албан тушаалнууд асуулт асууж, хариулт авав.
-Зөвшөөрөл олгож, барилга байгууламж бариулсан тухайн үеийн албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ. Шүүх процессоос өмнө үйлдэл хийх нь зөв үү?
-Албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэг үүсгэгдэж, шалгагдаад явна. Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлтүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор Захиргааны хуулийн холбогдох заалтад иргэдийн эрүүл аюулгүй орчинд ноцтой хохирол учруулж байгаа тохиолдолд шуурхай арга хэмжээ авахыг зохион байгуулах тухай байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр үер болоод асуудал хүндэрвэл бид шүүхийн процессийг хүлээж байна гэж болохгүй.
-Дунд голын хамгаалалтын бүсрүү барьчихсан хотхон, хороолол барилгуудыг яах вэ?
-Асуудал дөнгөж эхэлж байна. Асуудлуудыг ээлж дараалан шийдэх ёстой. Бид шийдвэрлэж чадах ажлуудаа маш яаралтай шийдвэрлэх ёстой. Түүний дараа нарийн төвөгтэй асуудлууд руу хууль хяналтын байгууллага болон бусад аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаж, аль болох алдааг багасгаж, засаж залруулах ажлуудыг ээлж дараатай зохион байгуулна. Ер нь бол газар олголтын асуудал ч тэр авсан нь ч , асуудлыг шийдвэрлэсэн нь маш олон удаагийн үйлдэл бий. Сэлбэ, дунд голын асуудлууд дээр том ажлын хэсэг хуулийн байгууллагууд дээр ажиллаж байгаа.
-Газар чөлөөлсөн тохиолдолд иргэдэд бол хохирлыг нь барагдуулж өгдөг. Энэ тохиолдолд хуулиндаа юу гэж заасан байдаг вэ?
-Өнөөдрийнх шиг яаралтай албадан буулгасан тохиолдолд нийслэлийн төсвөөс асуудлыг шийдвэрлүүлж, дараа нь буруутай этгээдээр төлүүлэх хуулийн заалттай.
-Хохирлын хэмжээ тогтоогдсон уу?
-Компаниуд тус бүрдээ үнэлгээний компани ажлуулж байгаа юм билээ. Нийслэлээс мөн адил энэ чиглэлээр хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Өнөөдрөөс нураах, нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх үйл ажиллагаа хийгдэнэ. Аль болох богино хугацаанд асуудлыг шийдвэрлэнэ.
-Шунхлай ШТС-ынхан бол буулгах асуудлыг зөвшөөрсөн байна. Бусад газрууд зөвшөөрсөн юм уу?
-Шатахуун түгээх станц гэдэг утгаараа Шунхлай групп өөрсдөө оролцож асуудлыг шийдвэрлэнэ. Бусад компанийн удирдлагуудтай бид уулзсан. Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй. Гэхдээ шийдвэрийг бол бид хэрэгжүүлж ажиллана. Мэдээж үйл ажиллагааны аль ч түвшинд бид хамтран ажиллахад нээлттэй байгаа.
-Энэ захирамжийг чинь уг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх ёстой юм биш үү?
-Бид тодорхой хуулийн заалтын дагуу шийдвэрлэж байна. Үеийн үед шүүхийн шийдвэрийг хүлээх нэртэй маш олон асуудлууд замхарч алга болж байсан. Үүнээс болж одоо бидэнд тулчихаад байгаа олон асуудал тулгарсан. Дандаа шүүхийн шийдвэрийг хүлээж байна гэдэг байдлаар замхаруулаад, ингээд сонгуулиас сонгуулийн жилд албан тушаалтнууд нь өөрчлөгддөг. Үүнээс шалтгаалж буюу төрийн ой санамжийн асуудалтай холбоотойгоор нөгөө хэрэг нь замхардаг. Ийм зүйл олон байгаа. Ер нь хойшдоо бид иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа асуудлыг тухай бүрт шийдэж л байх учиртай.
-Аж ахуй нэгжүүдэд учирсан хохирлыг яаж барагдуулах вэ?
-Тус бүртээ үнэлгээний асуудал яригдаж байна. Буруутай этгээдүүдээр асуудлыг шийдүүлэх хуулийн заалт бий. Энэ хүрээнд хуулийн байгууллага шалгаж шийдвэрлэнэ.Албадан буулгах талаасаа ойлгох хэрэгтэй. Чөлөөлж байгаа хэрэг биш.
Хууль зөрчсөн олон асуудал байна. Хуулийн дагуу эргэж харж шат дараатай шийднэ. Байгаль орчны улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрүүд явж байна. Газар албадан чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлнэ. Ямар ч байсан өнөөдөр газар чөлөөлөх ажлыг эхлүүлнэ. Компаниуд шүүхэд хандах эрх нь нээлттэй. Бид ямартаа ч яаралтай зохион байгуулж газар чөлөөлүүлэх арга хэмжээг авна. Төр иргэдийн амь насыг хамгаалах үүрэгтэй.
-Туул голын бургасыг хядаад таун хаус барьсан Шадар сайд С.Амарсайханы асуудлыг хэрхэх вэ?
-Бүх асуудлууд руу орж, асуудлуудыг цэгцэлж, хандах газарт нь хандана. Эхний ээлжийн асуудлыг өнөөдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж шийдвэрлэж байна.
-Төр хохирол барагдуулахаас зайлсхийж байна гэж харж байна?
-Төр хохирол барагдуулахаас зайлсхийж байгаа юм байхгүй. Төрийн хөрөнгө бол иргэдийн хөрөнгө. Иргэдийн татварын хөрөнгөөр шийдвэрлэх ёстой юмаа шийдвэрлэнэ.
Шунхлай ШТС-ын техник хариуцсан захирал н.Гэрэлт-Од "Мэдэгдлийг хүлээж авлаа. Манай компани асуудлыг ойлгож байгаа. Анхнаасаа эсэргүүцээгүй. Колонкоо нүүлгэх байр суурьтай байгаа. Манай компани газар эзэмших, олгох, барилга байгууламж хүлээн авах бүх процетур хуулийн дагуу явагдаад , 10 жил болж байна. Өнөөдрийн энэ иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан асуудал, хүний хууль ёсны өмч зэргийг аль альныг нь харгалзан үзээсэй" гэлээ.