Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Миний хувьд 2022 оны есдүгээр сараас ажлаа хүлээж авсан. Үндэсний хороо бол шинэ хороо биш. Ерөнхий сайд тэргүүлж байсан. Улмаар өнгөрсөн оны хавар Л.Энх-Амгалан сайдад хариуцуулсан байдаг. Түүний дараа нь яамгүй сайд хариуцаж байх нь зүйтэй гэж Ерөнхий сайд шийдээд намайг томилсон гэж хэлж болно. Хотын дарга Үндэсний хорооны Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Би бол Хотын даргын орлогч биш, хотын даргатай ижилхэн дарга биш. Зарим хүмүүс ажил хийхгүй байгаа юм биш үү гэж байна. Эсрэгээрээ Засгийн газрын хуралдаан бүр дээр өглөө эрт танилцуулга, мэдээллийг хийдэг. Надад тусгай байгууллага байхгүй, таван ажилтан байдаг. Үндсэн түшиглэж ажиллаж байгаа байгууллага нь нийслэлийн мэргэжлийн байгууллагууд юм. Замын цагдаатай өдөр тутам харилцаатай байдаг. Иргэдийн санал хүсэлт шаардлагын дагуу яах аргагүй Замын цагдаатай өдөр тутам уулзаж, ярилцдаг болсон. Ер нь ажлынхаа заагийг ялгаж өгөхгүй бол нэг бол намайг Хотын дарга, сайд гэж хараад байна" гэлээ.
Түүнчлэн "Түгжрэлийн эсрэг арга хэмжээний эцсийн шийд нь эдийн засаг, захиргааны арга юм. Маш богино хугацаанд машины тоог цөөлөх нь захиргааны арга юм. Дээр нь хандлагын өөрчлөлт их чухал. Тиймээс тайлбарлаж, таниулах, мэдээлэх ажлыг хийж байна. Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөгийн боломжийг нэмж байгаа. Санал, шүүмжлэл их явж байна. Үүнийг зөв үзэгдэл гэж бодож байна. Түгжрэлээр олон нийтийн хэлэлцүүлэг явах ёстой. Манай Үндэсний хороо тайлбарлан, таниулах ажлыг хийж байна. Өмнө нь, дугаарын хязгаарлалтаас би татгалзсан. Хүний эрхийг бодсон, хувийн эрхийн асуудалд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Харин цаашид автобус, машин хоёрын байрыг солих, эсвэл тэнцүү болгох хэрэгтэй байна. Хувийн машины хэрэглээг бууруулах ажлыг шаардах, шахах ажил хэрэгтэй болж байгаа юм. Түгжрэлийн нөхцөл байдал цаашид тасралтгүй үргэлжилнэ. Тооцооллоос давсан. Нэгт, нийтийн тээврийг шинэчлэх асуудал байсан. Энэ чиглэлд ажиллаж байна" гэж ярилаа.