Японы Сайтама мужийн Оомия хотын Цагдаагийн газраас энэ сарын 24-нд тус мужийн Кавагое хотод амьдардаг, 20 настай монгол оюутныг хулгайн хэргээр газар дээр нь саатуулсан талаар мэдээллээ.
Хэрэгтэн этгээд 24-ний өдрийн 03:40 цаг орчим Оомия хотын гудамжинд унтаж байсан 27 настай эрэгтэйн үүрдэг цүнхнээс 13729 иэнтэй түрүүвчийг нь хулгайлсан хэрэгт шалгагдаж байгаа юм.
Хохирогчийн мэдүүлснээр цүнхээ дэрлээд унтаж байтал ямар нэг зүйл хөдлөх шиг болохоор нь босоод хартал хэрэгтэн түрүүвчийг нь гаргаад барьчихсан зогсож байснаа зугтсан гэнэ. Хойноос нь хөөж, 200 метрын цаад зам дээр гүйцэж, цагдаа дуудан баривчлуулжээ. Монгол оюутан хэргээ хүлээж “Мөнгө байхгүй, хоол идэж чадахгүй, их өлссөн тул хулгай хийсэн” гэж мэдүүлсэн байна.