Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Улаанбаатар чуулгын байранд энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлсэн билээ.
Тус шүүх хуралдаан хэргийн бодит байдлыг яллах болон өмгөөлөх, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэнд шүүгдэгчид, хуулийн этгээдүүдийн гэм буруутай эсэх асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүх талаас нь шинжлэн судалж, нээлттэйгээр хянан хэлэлцсэн юм. Ажлын 47 өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд танилцуулсан.
Гэм буруугийн дүгнэлтээр 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон юм. Тус дүгнэлтийг танилцуулж дууссаны дараа яллагдагч нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан түр завсарлуулах хүсэлт тавьсан юм.
Шүүгчид оролцогч нарын хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдаан долдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл завсарлаад байв. Энэ хугацаанд шүүгдэгч, ААН-үүд Хөгжлийн Банканд учруулсан хохирлоо төлөх боломжтой гэдгийг даргалагч шүүгч сануулж байв.
Ийнхүү гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч, хуулийн этгээдүүдийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан өнөөдрөөс эхэллээ.