УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Үдээс хойшх хуралдааны ирц 52.1 хувьтай буюу 38 гишүүний бүрэлдэхүүнтэй үргэлжилж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Д.Өнөрболор гишүүнийг хуулиа уншиж ойлго гэж зөвлөв. Түүний үйлдэлд Д.Өнөрболор гишүүн “доромжиллоо” гэж бухимдав.
Д.Өнөрболор “Засгийн газар болон нэр бүхий таван гишүүн өргөн барьсан хуулийн төсөл дээр ажлын хэсэг ажлаад оруулж ирж байгаа гэж бодож байна. Хуулийн төслийн зарим заалт дээр та бүхэн зөрчилтэй л байгаа юм байна шүү дээ. Үнэхээр иргэдэд хэрэгтэй хууль хэлэлцэж байгаа бол Н.Учрал гишүүн УИХ-ын гишүүдээ сонсмоор байна. Нэгнийгээ доромжилж байр сууриа илэрхийлж байна. Миний хувьд мэдэхгүй, ойлгохгүй байгаа асуудал байхгүй. Би тодорхой тодруулга асуусан. Энэ санг байгуулж болно гэж бодож байна. Гэхдээ яг таны яриад байгаа шиг баталгаа хаана байна вэ. Ярихаар л хүнийг доромжлоод байх юм”гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдааныг сунгаж хуралдуулж байна.