Хөгжлийн Банкны шүүх хурлаар Б.Махбалыг гэм буруугүйд тооцов
Шүүгдэгч Б.Махбал нь Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа ТУЗ-ийн дарга болон гишүүдтэй урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, "НВЦ" компанид давуу байдал бий болгож, 51.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.
Мөн "Монгол мах" компанид эдийн засгийн давуу байдал бий болгон 31.8 тэрбум төгрөгийн, "Монгол эм импекс" компанид мөн эдийн засгийн давуу байдал бий болгон 7.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. "Бэрэн" гурппт эдийн засгийн давуу байдал бий болгон 28.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүдэд шүүгдэж байна.
Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкны шүүх хуралдаанаар түүний дээрх хэргүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцов.
Н.Батбаяр нь Эдийн засаг, Хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Б.Шинэбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхтөр нартай бүлэглэж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК, Энержи Ресурс ХХК-иудаас барьсан замыг нь өндөр үнээр худалдан авч Хөгжлийн Банканд их хэмжээний хохирол учруулсан 36 тэрбум гаруй төгрөгийг эдийн засгийн давуу байдлыг бий болгосон,
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга н.Шинэбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхтөр үгсэн хуйвалдаагүй ч үйлдлээрээ нэгдэж "Бэрэн групп" ХХК-д эдийн засгийн давуу байдал олгож Хөгжлийн Банканд 44 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан,
Монрөүд ХХК-ийн Халзанбүргэдэй-Солонготын давааны 100 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхэд давуу байдал олгож, тус компанийн заасан үнийн дүнг буюу есөн тэрбум гаруй төгрөгийн хэргийг улсын төсвөөс гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт шалгагдаж байсан. Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанаар түүнийг гэм буруугүйд тооцов.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Тодруулбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, ХБ-ны удирдлагуудтай бүлэглэн Тавантолгой Гашуунсухайт чиглэлд "Говийн зам" компанийн барьсан автозам, Энержи ресурс компанийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зоруилалттай барьсан дэд бүтцийг төрийн өмчит 170 тэрбум 595 сая төгрөгөөр буюу Энержи ресурс, Говийн зам компаниудаас бодит өртгөөс илүү үнээр худалдан авч, ХБ-нд их хэмжээний хохирол учруулсан, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдлийг улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байхдаа үйлдсэн мөн ХБ-ны удирдлагуудтай үгсэн хуйвалдаагүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж Бэрэн групп ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож тус компанийн Эрдэнэт хотод баригдаж байсан барилгын арматурын төсөлд 22.7 сая ам.долларын зээл олгож ХБ-нд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул гэм буруугүйд тооцон холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо.