Ням гарагийн өглөө Канадын зүүн эргээс Титаникийн далайн ёроолд байгаа үлдэгдлийг үзэхээр явсан аялагчдын шумбагч хөлөг сураггүй алга болсон билээ. Даваа гарагийн өглөөнөөс хойш АНУ, Канадын аврагчид Атлантын далайн зүүн хэсэгт эрэн хайх ажиллагаа явуулж байгаа ч үр дүнд хүрээгүй байна.
Жолоочтойгоо нийлээд таван хүн тээвэрлэж яваа шумбагчид Мягмар гарагийн үд дундын байдлаар 40 цаг хэрэглэх хүчилтөрөгчийн нөөц үлдсэн гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.
Аврах ажиллагаанд оролцуулахаар Франц улсын засгийн газар робот шумбагчаа илгээсэн нь Лхагва гарагт эрлийн бүсэд хүрэхээр байгааг албаныхан мэдээлсэн байна.
“НАТО-гийн зохицуулалтын төвтэй роботыг богино хугацаанд хүргэхээр хамтран ажиллаж байна. АНУ-ын эрх баригчидтай бас холбоотой байгаа. Роботын операторууд Лхагва гарагийн өглөө Канадын Ньюфаундлэндэд хүрнэ” гэж Франц улсын далай тэнгисийн асуудал хариуцсан сайд Эрве Бервилье хэвлэлд ярьжээ.
Далай судлалын Ifremer хүрээлэнгийн эзэмшлийн “Victor 6000” робот нь 8 км хүртэл урт кабелаар удирдагддаг автомат ажиллагаатай юм байна. Уг робот далайн усны 6,000 метрийн гүнд ажиллах чадвартай ажээ.
Титаникийн живсэн эх биеийн үлдэгдлийг өндөр төлбөртэй үзүүлдэг уг аяллыг OceanGate Expeditions компани зохион байгуулдаг юм.
Шумбагч хөлгийн нэг суудлын төлбөр $250,000 болдог байна.
Энэ удаагийн аялалд явсан хүмүүсийн нэр тодорхой болжээ.
Их Британийн тэрбумтан Хэмиш Хардинг, Францын судлаач, тэнгисийн флотын офицер асан Пол Анри Наргеолет, Британийн бизнесмэн Шахзада Давуд, түүний хүү Сулейман, OceanGate Expedictions компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стоктон Раш нар шумбагч хөлөгт яваа юм байна.
Шумбагчийг Пол Анри Наргеолет жолоодож яваа ажээ. Тэрбээр Титаникийн талаар маш их мэдлэгтэй нэгэн тул “Ноён Титаник” гэх нэрээр алдаршсан юм байна.
Атлантын далайн 26,000 км.кв талбайтай хэсгийг самнасан ч шумбагч хөлгийг олоогүй байгаагаа АНУ-ын эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.
Шумбагчийн хүчилтөрөгчийн нөөц Пүрэв гарагийн өглөө шавхагдахаар байгаа тул эрлийн ажиллагаа цаг нартай уралдан явагдаж байгаа юм.
Шумбагч хөлгийн цахилгааны системд гал гарч, хорт утаанд аялагчид угаартсан байх боломжтой гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. Үүнээс гадна шумбагч хөлөг Титаникийн үлдэгдлийн аль нэг хэсэгтэй орооцолдож, гацсан байх хувилбар бас яригдаж байгаа аж.