Жил бүрийн 6 сарын 20-ны өдрийг “Дэлхийн дүрвэгсдийн өдөр” /World Refugee Day/ болгон тэмдэглэх зарлигийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2000 оны 12-р сард гаргаснаар албан ёсоор Олон Улсын өдөр болж анх удаа 2001 онд тэмдэглэжээ. Анхны энэ өдрийг тэмдэглэсэн огноо нь 1951 оны “Дүрвэгсдийн статусын тухай конвенци”-ийн 50 жилийн ойтой давхацсан бөгөөд үүнээс өмнө уг өдрийг “Африкийн дүрвэгсдийн өдөр” нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг байжээ.
Дэлхийн дүрвэгсдийн өдөр нь дүрвэгсдийн эрх, тэдний хэрэгцээ, хүсэл мөрөөдлийг бадрааж, улс төрийн нөхцөл байдлыг тэдэнд туслахаар дайчилж, дүрвэгсэд зөвхөн амьд үлдэх төдийгүй хөгжихөд нь тусалдаг.
Энэ өдөр нь дүрвэгсдийн амьдралыг өдөр тутамд хамгаалж, сайжруулахд чиглэх нь зүй боловч “Дэлхийн дүрвэгсдийн өдөр” нь мөргөлдөөн, хавчлага, гадуурхалтаас зугтаж буй хүмүүсийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахад голлон төвлөрч, эх нутагтаа энх тунх амьдрах боломжийг эрж хайдаг байна.
Тус өдөр дүрвэгсдийг дэмжих олон арга хэмжээ болохоос гадна тэндэнд хөгжих, энгийн хүн мэт амьдах боломжуудыг бүрдүүлэх шийдвэрүүд гарч байдаг юм.
Эдгээр үйл ажиллагааг дүрвэгсэд өөрсдөө, дүрвэж гарсан болон хүлээн авагч орны засгийн газрын албан тушаалтнууд, компаниуд, олны танил эрхмүүд, олон нийтийн байгууллагын идэвхтнүүд, сургуулийн хүүхдүүд болон бусад энгийн иргэд, олон нийт удирдан явуулдаг байна.
“Whoever. Wherever. Whenever-Everyone has the right to seek safety.”
Whoever:Тэд хэн ч байсан, дүрвэж яваа хүмүүст хүндэтгэлтэй хандах ёстой. Хэн байх, юунд итгэхээс үл хамааран хэн ч хамгаалалт хайж болно. Үүнийг тохиролцох боломжгүй: аюулгүй байдлыг эрэлхийлэх нь хүний эрх юм.
Wherever: Тэд хаанаас ч ирсэн бай хамаагүй. Эх орноосоо дүрвэгсдийг угтан авах ёстой. Дүрвэгсэд дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг. Амиа алдах аюулаас зугтахын тулд тэд онгоц, завь, явганаар ч явах нь бий. Гэвч нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх нь тэд аюулгүй байдлыг эрэлхийлэх билээ.
Whenever: Тэд хэзээ ч дүрвэхээс өөр аргагүй байдалд орсон байлаа ч хамгаалагдах эрхтэй. Дайн, хүчирхийлэл, хавчлага зэрэг ямар ч аюул заналхийлсэн бай хүн бүр хамгаалагдах ёстой. Хүн бүр аюулгүй байх эрхтэй.
Энэ жилийн сэдвээ ийнхүү тайлбарласан байна. Мөн эрхүүдийг ч сануулж. Үүнд:
1. Орогнол хүсэх эрх-Хавчлага, мөргөлдөөн, хүний эрхийн зөрчлөөс зугтаж буй хэн бүхэн өөр улс оронд хамгаалалт хайх эрхтэй.
2. Аюулгүй нэвтрэх-Дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн бүх хүмүүст хил нээлттэй байх ёстой. Хилээр орох эрхийг хязгаарлаж, хилийг хааснаар аюулгүй байдлыг эрэлхийлж буй хүмүүсийн нөхцөл байдал улам аюултай болно.
3. Буцалтгүй-Амь нас, эрх чөлөө нь эрсдэлд орсон хүмүүсийг албадан улс руу нь буцаах боломжгүй. Энэ нь улс орнууд тэдний эх оронд бодитоор оршиж байгаа аюулыг үнэлэхгүйгээр хэнийг ч буцаах ёсгүй гэсэн үг юм.
4. Ялгаварлан гадуурхахгүй-Хүмүүсийг гадуурхаж болохгүй. Дүрвэгчийн статус хүссэн бүх өргөдлийг арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс, гарал үүсэл зэрэг хүчин зүйлээс үл хамааран бүгдийг шударгаар авч үзэх ёстой.
5. Хүнлэг харьцах-Албадан дүрвэж яваа хүмүүст хүндэтгэлтэй, нэр хүндийг нь дээдлэн хандах ёстой. Тэд ямар ч хүний адил аюулгүй, нэр төртэйгээр эмчилгээ хийлгэх эрхтэй. Үүний зэрэгцээ гэр бүлүүд хамтдаа байх, хүний наймаачдаас хамгаалагдах, дур зоргоороо баривчлахаас ангид байх эрхтэй юм.
Дэлхий дээр минут тутамд 20 хүн дайн, хавчлага, аюултай нөхцөл байдлаас болж бүх зүйлсээ орхин дүрвэж байдаг. Эдгээр албан хүчээр эх орноо орхигсод нь хэд хэдэн төрөл байдаг. Үүнд: Дүрвэгсэд, орогнол хүсэгчид, дотооддоо нүүлгэн шилжүүлэгдсэн иргэд, харьяалалгүй хүмүүс болон дүрвэж яваад эргэн ирсэн хүмүүс ч энэ ангилалд багтан тодорхой тусламж, дэмжлэг, нийгмийн халамж шаардлагатай ангилалд багтдаг ажээ.
2018 онд дэлхий даяар нийт 70,8 сая хүн мөргөлдөөн, хавчлагад өртөн гэр орноосоо албадлагаар зугтсан бол энэ онд энэ тоо 100 саяыг давжээ. Тэдний 50 сая орчим нь дүрвэгсэд байгаагийн талаас илүү нь 18-аас доош насныхан байна. Энэ жил зөвхөн Украйнаас л гэхэд Европруу 4,8 сая хүн дүрвэсэн бол дайны улмаас үүссэн өлсгөлөнгөөс болж илүү олон хүн эх орноо орхин дүрвэж байна гэж НҮБ мэдээлжээ.
Эх сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв блог