Баасан гарагт Япон улсын парламент бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тухай шинэ хуулийн төслийг баталснаар зөвшилцсөн бэлгийн харилцаанд орох насны босгыг 13-аас 16 болгов. Ингэснээр насанд хүрээгүй хүнтэй үйлдсэн бэлгийн харилцааг ямар ч тохиолдолд хүчингийн хэрэгт тооцох юм. Япон улс өмнө нь 1907 онд уг босгыг 13 насаар тогтоож байсан нь дэлхийн улс орнуудын дотор хамгийн нам босгонуудын нэгд тооцогддог байжээ.
Гэхдээ шинэ хуульд бэлгийн харилцаанд орсон хүмүүс хоёул 13-аас дээш настай, хоорондын насны зөрүү нь 5-аас хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй байх тусгай нөхцөл тусгажээ. Мөн бэлгийн харилцаанд орох зорилгоор бусдыг өдөөн хатгах, уруу татах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор болжээ. Түүнчлэн бусдын нүцгэн биеийн зургийг нууцаар авах үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болж, гурав хүртэл жил хорих, эсвэл гурван сая иен хүртэл торгууль оноодог болсон гэхчлэн шинэ хуулиар цөөнгүй өөрчлөлтүүд гарсан гэж хэвлэлүүд нь онцолжээ.
Сонирхуулахад, өнгөрсөн удаад тус улс Иргэний хуулийн шинэчлэлтээ хийж эмэгтэйчүүдийн гэрлэх насны босгыг 18 болгон нэмэгдүүлсэн байдаг. Гэхдээ 20 нас хүрээгүй бол согтууруулах ундаа, тамхи, мөрийтэй тоглоомыг хориглох зохицуулалт өмнөх шигээ хэвээр үйлчлэх юм байна.