Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Д.УЛСБАЯР
2023/05/27

Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ.

 Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Шивээхүрэн нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой гэдгийг онцлов.

Мөн тэрбээр, "Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5,000 ам.долларт хүрлээ.


Өнөөдөр бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно" гэлээ. Засгийн газрын 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 186-р тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон юм.


Энэхүү бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ. 

 Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой. Ингэснээр тус бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэнэ.

Энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шивээхүрэн боомтод хийж буй жолоочгүй ухаалаг тээвэр буюу AGV-ээр нүүрс тээвэрлэх ажилтай танилцлаа. Тус тээврээр 2022 оны арванхоёрдугаар сараас хойш тээвэрлэлт хийж байгаа бөгөөд жилд 6.5 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 14 цагийн өмнө
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05