Мягмар гарагийн шөнө оросууд Киев рүү пуужингаар довтолсон нь сүүлийн үеийн хамгийн хүчтэй цохилтуудын нэг болсон талаар мэдээллээ. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный ОХУ агаар, далай, хуурай замын 18 пуужин, мөн Shahed-136 болон 131 дрон ашигласан гэж мэдэгджээ. Киев рүү харвасан пуужингуудын дунд “Калибр” болон дуунаас хурдан “Кинжал” пуужингууд байсан аж.
Пуужингийн цохилтын талаар Украин, ОХУ-ын Батлан хамгаалах зөрүүтэй мэдэгдэл хийсэн байна. Тухайлбал, Киевийн талаас "Агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтай агаарын бүх байг, тэр дундаа Х-47М2 “Кинжал” дуунаас хурдан зургаан пуужинг устгасан" гэж мэдэгдэв.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас дор хаяж нэг “Кинжал” пуужин ашигласан гэж мэдээлжээ. Тус яамнаас мягмар гарагийн өглөө "Украины Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн цэгүүд, барууны орнуудаас нийлүүлсэн сум, зэвсэг, цэргийн агуулах руу агаарын болон тэнгисийн алсын тусгалтай, өндөр нарийвчлалтай зэвсгээр цохилт өгсөн" гэж мэдэгдэв. Мөн "Бид бүх байг оносон бөгөөд "Кинжал" пуужин Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийг оносон гэж мэдэгджээ. Түүнчлэн тухайн өдөр нь Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Тэдний ярьж байгаа шиг бид тийм олон “Кинжал” хөөргөөгүй" гэж ярьсан байна.