-Галыг өөр дээрээ дуудаад буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЦХХХ-ны сайд Н.Учрал нарыг энэ удаад нийслэлийн хууль бус газар олголтыг зоригтойгоор илчлэхийг иргэд хүсч байна-
Засгийн газрын дараагийн цэвэрлэгээ газрын наймаа, тэр дундаа үе үеийн хотын дарга нарын газар олголтын мэдээллийг ил болгох ажил байгаасай гэж иргэд хүсч байна. Тодруулбал, Улаанбаатарын төв хэсгийг гишгэх газаргүй болгож, хүүхэд тоглох, хөгшид нарлах газрыг хулгайлан бетонон ширэнгэ болгох эрхийг өгсөн хүмүүсийг илчлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар, ЦХХХ-ны сайд Н.Учрал нараас шаардаж байгаа юм.
Нийслэлд газрын тухай маргаан хамгийн ихээр өрнөдөг. Үүнийг тойрсон авилга, хээл хахууль гээд тоймгүй зүйлийг ярьж болох юм.Түүнчлэн иргэд газраа хэрхэн эзэмшдэг хийгээд түүнийгээ хэрхэн арилжаалдаг талаар учир дутагдалтай зүйлүүд байсаар ирсэн. Тэгвэл “Шилэн” ажиллагаа хэрэгжсэнээр өнгөрсөн удаад тусгай хамгаалалттай газар нутагт хэн, хэр хэмжээний газар эзэмшдэгийг ил болгосон. Харин одоо нийслэлийг бетонон ширэнгэ болгох эхлэлийг тавьсан хүмүүсийг илчлэх цаг нь болсон гэж ард иргэд үзэж байна. Хэрэв ингэж чадвал нүүрсний хэргээс дутахгүй том “дэлбэрэлт” газрын наймаачдын дунд үүсэх нь тодорхой болох юм.
Эргэн сануулахад, 2016 онд иргэд зоригтойгоор газрын наймаачидтай тэмцэж хууль бус олголт хийсэн дарга нарын нэрийг өөрсдийнх нь зурагтай төв талбайд дэлгэсэн. Үүнд өмнө нь хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд, Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, Т.Билэгт нар багтаж байв. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн банкнаас судалгаа хийсэн бөгөөд нийт 26.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний нийтийн эзэмшлийн газрыг тэд ганцхан гарын үсгээр олгосон нь тогтоогдсон. Гэсэн атлаа энэ их мөнгөнөөс нийслэлийн төсөвт нэг төгрөг ч ороогүй, газрын наймаанд нэр холбогдсон үе үеийн дарга нарын шуугиан тэгсхийгээд намжсан гээд олон асуудал цааш хөвөрнө.
Улаанбаатарт нийтийн эзэмшлийн газар олдохгүй байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд нийслэлийн газрын наймаа асар их цэцэглэж, нийтийн эзэмшилд нэг ч газар үлдээхгүй хэмжээнд газрыг хувааж авсан гэж УИХ-ын гишүүд нь ярьж хэлсээр ирсэн. Харамсалтай нь хэн, хаана, ямар арга замаар нийслэлийн газрыг зарж борлуулж, эзэмшүүлж орхисныг дэлгэх зоригтон алга.
Тиймээс эмнэлэг, сургуулийн газраас эрх мэдэлтнүүд яаж луйвардаж авсан баримт, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшил, ногоон байгууламж дээр олгосон газрыг хэн, хэзээ, ямар арга замаар бусдад өгснийг Шилэн ажиллагаагаар дэлгэхийг шаардах нь зүйн хэрэг биз ээ. Нөлөө бүхий компани, тодорхой хувь хүмүүст хуваагдсан газруудыг нийтийн эрх ашгийн төлөө эргэн ярих ёстой.