"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 17 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн шүүх хуралдааны эхэнд Энержи Ресурсээс зам худалдаж авсан тухай асуулт, хариултын хэсэг үргэлжиллээ. "Энержи ресурс" ХХК-ний иргэний хариуцагч байгууллагуудыг төлөөлж Үүрцайх, Ганбат, Булган нар мэдүүлэг өглөө.
Мэдүүлэгтээ "475-р албан бичиг нь тухайн үеийн нөхцөл байдлыг илэрхийлдэг буюу нүүрс экспортлогч компаниудад бодлогын шийдвэр авч өгөхийг хүсэхэд хэргийн нөхцөлийг тал бүрээс нь шалгаагүй, шинжээчийн дүгнэлт алдаа байсан. Бид хэргийн нөхцөл байдлын талаарх эх материал, нотлох баримтыг гаргаж өгсөн ба Засгийн газар тариф бууруулж, монополоор тогтоодог талаар яригдаж байв. Зам ашиглалтад орсноор "Энержи Ресурс" ХХК-ийн шороон замаар явдаг экмпортын тээвэр эрчим 9 байсан нь 20 болж өссөн.
Үүнтэй холбоотойгоор ААН-үүд замыг үнэ төлбөргүй адилхан эдлэх гэж дайрсан. Постноос шороон замаар орох гэж дайрдаг, замаар үнэгүй явах гэж оролддог байдал их гарсан тул цагдаагийн байгууллагатай хамтарсан. Тиймээс бид зам ашиглах тарифаа буулгаад адилхан нээлттэй явуулъя, ингэснээр зөрүү татаасыг шийдвэрлэж өгөөч гэхэд Засгийн газрын шийдвэр буюу 299-р тогтоолын агуулгыг харахад олох ёстой байсан орлогыг өгөхгүйн тулд л байсан юм болов уу гэж хардаг.
Гол асуудал нь шинжээчийн дүгнэлт хэрхэн гарсныг үнэн бодитоор эргэж харах хэрэгтэй. Засгийн газар хамгийн бага бэлэн мөнгөн төлбөр бүхий үнийн дүнгээр өөртөө авах арга хэрэгслийг ашигласан. Тодруулбал, хоёр жилийн өмнө буюу 2011 онд 87 сая ам.доллароор худалдан авсан замыг 2013 оны ханшаар тооцвол 70 сая ам.доллар болгож, 10 гаруй сая доллараар бууруулж худалдаж авах нь хувийн хэвшлийг өөрөө хөрөнгө оруулж, өгөөжөө аваарай гэж хэлснээсээ буцсан нь хохироосон хэрэг. Энэ нь цааш үргэлжилсээр 11 жилийн дараа хэн нэгэн шинжээчийн дүгнэлтээр зөрүү тооцно гэж бид үнэхээр зүүдлээгүй" гэлээ.