УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.
"Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэлэлцүүлгийг өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор явуулах журамтай. Нэг гишүүн найман минутад багтаан асуулт асууж, 10 минутад багтаан үгээ хэлдэг.
Энэ амралтын өдрүүдэд УИХ-аас удирдамж гаргаж, гишүүд ажлын долоо хоногт тойрогтоо ажиллаж, ард түмний саналыг сонсоно. Ингэж ажиллаж ирээд хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.
Ингэснээр дахин ажлын долоо хоног тойрогтоо ажиллаж, сонгогчид, төрийн албан хаагчид, хуульчид, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулна. Үүний дараа гурав дахь хэлэлцүүлгийг явуулна" гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.