Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэлсэн боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын гурван ширэн бээлийт рингэнд гарлаа.
Үүнээс -60 кг жинд Тэгшжаргалын Энхтөр Палестины Анас Слейман Рихабыг 5-0 харьцаагаар илүүрхэв. Тэрээр хоёрдугаар шатанд Доминиканы Алекси Мигел Де Ла Круз Баезтай тавдугаар сарын 3-нд тулалдана.
Харин -92 кг жинд Халигийн Бехнур Босни ба Херцеговины тамирчинд эхний үеийн 3 дахь минутад бэртлийн улмаас, -57 кг жинд Хархүүгийн Энх-Амар Туркийн боксчинд 4-1 харьцаагаар тус тус ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.
ДАШТ-ийг Монголын 10 тамирчин зорьсон бөгөөд өнөөдөр -63.5 кг жинд Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Австралийн тамирчинтай 21:00 цагаас улаан булангаас гарч тулалдана.